
-Ялтан шилжүүлэх гэрээний төсөл хэлцэлд хүрээд багаггүй хугацаа өнгөрлөө. Эцэслэн шийдэгдсэн үү?
-Манай Улс Өмнөд хөрштэй Ялтан шилжүүлэх гэрээ байгуулж өөрийн орны иргэдийг татах хүсэлтийг таван жил тавьсаны эцэст өнгөрсөн намар хэлцэлд хүрсэн. Гэрээний төсөл хэлэлцэхэд БНХАУ-ын Шүүх яам, Ардын дээд шүүх, Нийгмийг аюулаас хамгаалах яам, Гадаад хэргийн яам, Элчин сайдын яам зэрэг байгууллагын нийт 10 төлөөлөгч бүхий бүрэлдэхүүн ирсэн. Манай улсаас мөн Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын прокурорын ерөнхий газрын төлөөлөл оролцож хэлэлцсэн байгаа. Ерөнхийдөө манай боловсруулсан гэрээний төслийн ихэнх заалт дээр зөвшөлцөлд хүрсэн гэсэн үг.
-Хэзээнээс гэрээ албан ёсоор хүчин төгөлдөр үйлчлэх вэ, ямар журмаар ялтан шилжүүлэхээр заасан бэ?
-Ялтан өөрөө хүсэлт гаргасан байх ёстой. Мөн тус улсын хорих ангид нэг жил ба түүнээс дээш хугацаагаар хоригдох ялаар шийтгүүлсэн ялтан гэрээнд хамрагдана. Гэрээний эцсийн шатны хэлэлцээр хийх саналыг БНХАУ-руу манай талаас явуулсан. Манай саналыг урд хөрш хүлээн авбал хоёр талын айлчлалаар гарын үсэг зурагдаж тэр гэрээг УИХ-аар батлуулж жуух бичгээ Хятадын талд хүргүүлнэ.
-БНХАУ бусад улс оронтой ялтан шилжүүлэх гэрээ хэлцэл хийсэн болов уу?
-БНХАУ-ын талаас манай улсад албан ёсоор мэдэгдсэнээр бол бусад улс оронтой ялтан шилжүүлэх гэрээ хийж байгаагүй юм билээ.
-Дээрх гэрээний дагуу сэжигтнээр татагдан хоригдож буй иргэдийг авчрах боломжтой юу?
-Тус улсын анхан шатны шүүхээр шийтгүүлж хорих ял сонссон хүмүүжигч энэ гэрээнд хамрагдах боломжтой. Харин эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдан мөрдөн байцаалтын шатандаа яваа хүнийг ялтан шилжүүлэх гэрээгээр авчрах боломжгүй. Зөвхөн ял шийтгүүлсэн иргэн уг гэрээнд хамрагдана.
Н.Бүжин