Оюутнуудын 500 мянгыг хэзээ өгөх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Оюутнуудын 500 мянгыг хэзээ өгөх вэ?

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр иргэдэд олгох хувь хишгээс оюутнуудад төлбөр хэлбэрээр шилжүүлэхээр болж, мөнгө олгохоор бэлтгэл ажлыг хангаж байгаа билээ. Сургалтын төлбөрийн 500 мянган төгрөг авах оюутнуудын өргөдөл, сургуулийн тодорхойлолтыг үндэслэн  Төрийн сангаар дамжуулан тухайн сургуулийн дансанд мөнгийг шилжүүлэх юм байна. Энэ сарын 15-нд өргөдөл, тодорхойлолт хүлээн авах ажлыг дуусгавар болгох байсан ч сургуулиуд материалаа бүрдүүлж өгөхгүй байгаа учраас хугацааг сунгахаар болсныг албаны хүмүүс онцолж байна. Энэ асуудалтай холбоотойгоор БСШУЯ болон Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бид энэ үеэр БСШУЯ-ны Сургалтын төрийн сангийн захирал Д.Нансалмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сургуулиуд оюутнуудынхаа мэдээллийг  ямар шалтгаанаар оройтуулаад байгаа юм бол?

-500 мянган төгрөг авах оюутны тухайн баг, хороонд гаргасан өргөдөл, тус сургуульд суралцдаг нь үнэн болох сургуулийн тодорхойлолтыг үндэслэн бид мөнгийг олгох болно. Гэтэл өргөдөл, тодорхойлолт хугацаанд нь багтааж ирүүлэхгүй байна. Үүнээс болоод хэсэг хугацаагаар сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийг их, дээд сургуулийн дансанд шилжүүлэх ажлыг хойшлуулаад байгаа.

-Одоогийн байдлаар хэдэн сургууль материалаа бүрдүүлж өгөөд байгаа вэ?

-24 их, дээд сургуулийн 7382 оюутны материалыг хянаж дуусгаад, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст шилжүүлсэн. Мөн 20 гаруй сургуулийн 30 мянга гаруй оюутны материал хяналтын шатандаа явж байна. Олон оюутантай сургуулийн материал оройтож байна. Жишээ нь, ШУТИС 25 мянган оюутантай. Гэтэл 10 хүүхдийн материал дутуу өгснөөс болоод бид материалыг буцаахаас өөр аргагүй тохиолдол гарч байна. Ийм жишээний сургууль олон байна. Гэхдээ бид энэ сард сургуулиудын материалыг  хүлээн авч, ХХҮ-ний газарт хүргүүлэх болно.

-Төрийн сангийн зээлийг түр зогсоосон гэж байсан. Жилд нийтдээ төрийн сангийн зээлд хичнээн оюутан хамрагддаг вэ?

-500 мянган төгрөг олгохтой холбогдуулан Төрийн сангийн зээлийг түр хугацаагаар зогсоосон байгаа. Төрийн сангийн зээл олгох журамд өөрчлөлт орсон. Тус зээлийг онц сурдаг  оюутнуудад олгох гэх мэтээр тодорхой зааг гаргаж, олгох гэх мэтийн өөрчлөлтүүдийн талаар ярилцаж байгаа. Журам батлагдсаны дараа Төрийн сангийн зээлийг үргэлжлүүлэн олгоно. Зээлийг олгох гол шалгуур нь оюутны дүн байх юм. Одоогоор их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын 41,3 хувь нь төрийн сангийн зээлд хамрагдсан байгаа.

-Бүтэн болон хагас өнчин оюутны төлбөрийг төрөөс даадаг. Төрийн сан гийн зээлийг түр зогссон юм бол үлдсэн мөнгийг хаанаас яаж төлөх вэ?

-Төрийн сангийн журам удахгүй батлагдана. Одоогоор БСШУЯ энэ  журмыг хэлэлцэж байгаа. Гарын үсэг зурах шатандаа яваа. Тиймээс журам  батлагдсаны дараа тодорхой хариуг хэлье.

-Хугацаа хэтэрсэн тохиолдолд  дахин авах боломж бий юу. Мөн энэ жил төлбөрөө бүрэн тушаасан оюутнууд мөнгөө яаж буцааж авах уу?

-Хугацааг хангалттай сунгасан. Тиймээс хоцрох асуудал гарахгүй гэж бодож байна.  Харин энэ жил төлбөрөө төлсөн оюутнуудын 500 мянган төгрөгийг ирэх жилийн сургалтын төлбөрт шилжүүлэх болно. Харин төгсөх курсийн оюутнууд төлбөрөө бүрэн төлсөн бол сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгөө тухайн сургуульдаа хандаж, авах боломжтой.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж