Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэлээ

Дэлхий даяар жил бүрийн хоёрдугаар сарын 4-ны өдрийг Хавдартай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр  хавдар өвчний тухай мэдлэг болон  энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчилгээний талаарх мэдээллийг нэмэгдүүлэх компанит ажлуудыг зохион байгуулдаг. Монгол Улсын хувьд Хавдартай тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд “Хавдраас хамтдаа сэргийлье” үндэсний аяны нээлтийн үйл ажиллагааг ХСҮТ-д өнөөдөр зохион байгууллаа.  Энэ өдөр сэтгүүлчдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан бөгөөд сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг холбогдох эмч, мэргэжилтнүүд өгч, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов. Олон улсын өдрийг тохиолдуулан сэтгүүлчдэд зориулсан үзлэг, шинжилгээ, уулзалт ярилцлагыг эрүүл мэндийн сэтгүүл зүйн “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагаас ХСҮТ-тэй хамтран ийнхүү хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Эрүүл мэндийн сайдын 2011 оны 1 сарын 28-ны өдрийн 20 тоот тушаалаар 2011 оныг салбарын хэмжээнд “Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил” болгон зарлаж байгаа аж. Энэ хүрээнд ХСҮТ, “Хаан” банк, МҮОНРТ хамтран “Хавдраас хамтдаа сэргийлье” үндэсний аяныг өрнүүлэхээр шийдвэрлэж, хамтран ажиллах гэрээнд ХСҮТ-ийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар, “Хаан” банкны дэд захирал Д.Батсайхан, МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар нар гарын үсэг зурлаа. Нээлтийн ёслолд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, “Хаан” банкны гүйцэтгэх  захирал Саймон Моррис, МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар нар үг хэлэв. 

2011 онд Хавдартай тэмцэх олон улсын холбоо /UICC/ “Бид хамтдаа хүчтэй” гэсэн уриатайгаар дэлхий нийт хамтдаа хавдраас сэргийлэх үйл ажиллагааг явуулж байна. Манай улсад жилдээ дунджаар 4200 орчим хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдэж 3000 гаруй хүн буюу нас барж буй таван хүний нэг нь хорт хавдрын улмаас нас барж, нийт хүн амын нас баралтын хоёрдугаар шалтгаан болж байна. Элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүү, хөх гэсэн зургаан байрлалын хавдар нь нийт хорт хавдрын өвчлөлийн 80 орчим хувийг эзэлдэг байна. 

Хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ?

Шинээр оношлогдсон хорт хавдрын 75% нь III,IY үедээ буюу төгс эмчилгээ хийх боломжгүй үе шатандаа эмнэлэгт хандаж байна. 

2009 онд хийсэн “ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтоох судалгаа”-гаар нийт хүн амын 27,7%, үүнээс эрэгтэйчүүдийн 48,0%, эмэгтэйчүүдийн 6,9%- нь тамхи татдаг нь тогтоогджээ. Судалгаанд хамрагдсан хоёр хүн тутмын нэг нь (42,9%) гэрийн орчинд, гурван хүн тутмын нэг нь (35,6%) ажлын байрандаа дам тамхидалтанд өртөж байна. Гэтэл уушигны хорт хавдрын 90% орчим нь тамхинаас хамаарч үүсдэг билээ.

Эрэгтэйчүүдийн 39.7%, эмэгтэйчүүдийн 15,1% нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг дадалтай байна. Олон жил үргэлжилсэн архаг архидалт нь элэгний хорт хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйл байдаг нь тодорхой юм.

  Нийт хүн амын 39,8% илүүдэл жинтэй ба үүнээс 12,5% нь таргалалттай байна. Илүүдэл жинтэй, таргалалттай байх нь хөх, бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсгэх эрсдэл болдог байна.

 Монгол таван хүн тутмын 1-д (26,4%), 45-с дээш насны 2 хүн тутмын 1- д (53,8%) ХБӨ-ний гурваас дээш эрсдэл хавсран тохиолдож байгаа буюу өвчлөх өндөр эрсдэлтэй байна.

Хавдар үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйл хүн амын дунд ийм өндөр байна. Үүнд хүн бүр санаа зовж хавдраар өвчлөхгүй байхад анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Иймд хүн бүр дор бүрнээ эрүүл мэнддээ анхаарч, сардаа нэг удаа үзлэгт хамрагдаж, архи, тамхийг хэрэглэхгүй байх хэрэгтэй хэмээн мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж