Ардын намын 45 бие даагч буюу 2013 он

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Ардын намын 45 бие даагч буюу 2013 он

Сар шинийн өмнө Н.Энх­баяр, Ц.Шинэбаяр нар МАХН-ыг  дахин  шинээр байгуулж  нийгмийг алмайруулав.   1996 онд Н.Энхбаярыг Н.Бага­бандитай намын даргад өрсөлдүүлээд ялагдал хүлээж тэвчээгүй   Гомбосүрэн,  Чимэд нарын зарим хүмүүс  намаа орхин явсныг  эс тооцвол задрал гээчийг амсаагүй   улс төрийн  хүчний хувьд энэ бол  сандрахаас  аргагүй  дуулиан мөн. “Аса” циркт хийсэн  тэдний хурлыг ТВ-9 телевизээс гадна Үндэсний олон нийтийн телевиз  орон даяар шууд дамжуулсан нь  хэсэг бүлгийн биш нийгмийн анхаарлыг татсан үйл явдал болон үр дагавар нь өссөн  билээ. Гэвч Ардын намынхан  тэднийг аль болохоор тоохгүй  дүр эсгэж байгаа ч тоглоом тоотой нь дээр гэгч болох нь. Ардын намын  өмнө бас нэг даваа байна.  Айсуй явдлыг урьдаас  мэдэрч  гарцаагүй  нүүр тулах тэр өдрүүдээс   халгаж ядан байгаа дүр зураг алгуурхан  тодорч  байна.  МАН-ын дарга нар  хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч яах аргагүй нам нь задарч эхэллээ. Харин  задрал бүхэн хэрхэн эхэлж юугаар төгсч байсныг   20-хон жилийн түүх хангалттай харуулдаг юм.  Хэн  эхлүүлж  хэрхэн  завшиж байсныг эргэн санахад одоогийн Ардын намын хувьд тун ч бүрхэг өдрүүд эхэлж мэдэх вий.   Ингээд  хамгийн сонирхолтой боловч хамгийн ойрхон жишээг дурьдахад хангалттай.  Алив  2004-2008  он руу буцацгаая.  

ЭХ ОРОН-АРДЧИЛАЛ ЭВСЛИЙН ЗАДРАЛ 

Н.Энхбаярын хэмжээгүй эрхт  үе дууслаа. Энэ бол 2004 он. Дахин нэг сонгууль хаалга тогшив. Мань хүний хувьд 2005 оныг тэсэн ядан хүлээж байсан үе.  Н.Багабандийн үе төгсч тэрбээр хаан суудалд залрах ёстой. Үүний тулд бололцоотой бүхнийг хийнэ. Сөрөг хүчин тэр чигээрээ гудамжинд байгаа болохоор эмээх юун.  Харин энэ үед Н.Багабандид ганц л зорилго  бай­сан.   Н.Энхбаярыг яаж ха­заарлах вэ.  Төдөлгүй хор гүй­лээ. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат хэмээх шинэхэн баян улс төрөөр ид халуурч    байсан үе.   МАШСН–ын дарга тэрбээр  Н.Багабандитай нэг ашиг сонирхолтой  Н.Энх­баярыг татвар, шалгалт гээд Ерөнхий сайдын эрхлэх хү­рээнд хамрагдах бүхий л та­лаараа хавчиж байлаа. Ингээд Н.Багабанди түүнийг Ардчилсан намтай эвсэхийг санал болгожээ.  Харин Б.Эрдэнэбат  “Хэрвээ Ард­чилсан намын даргаар М.Энх­сайханыг болгочихвол эвсэхэд болохгүй юм алга” гэв. Ингээд ардчиллын  тө­лөөх  таван намын нэгдэл  болсон  Ардчилсан намын дар­га Д.Дорлигжавыг  М.Энх­сайханаар сольж ам­жив. Д.Дорлигжавыг  М.Энх­­сай­ха­наар солихын тулд  ба­гагүй акц өрнөсөн бөгөөд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүн бол одоогийн Ойн хэрэг эрхлэх газрын дарга   М.Тун­галаг билээ. Тэрбээр ҮЗХ дэх хүүхнүүдээ нэгтгэж М.Энхсайханы төлөө санал өгүүлснээр уг сценарийг амжилттай гүйцэтгэв.  Ингээд  М.Энхсайхан Ардчилсан на­мын толгойд дахин гарч  “Эх орон-Ардчилал эвсэл” байгуулагдсан юм.  Тэгэхээр  эвслийн автор нь Н.Багабанди байжээ.  Зөвхөн Н.Энхбаярын тод дүрийг бүдгэрүүлэхийн төлөө тэр хүн ийм алхам хийсэн гэж бодохоор эрх ашгийнхаа  төлөө юу ч хийхээс буцахгүй  орчин цагийн коммунистуудын томоохон төлөөлөгч гэдэг нь маргашгүй санагдах юм.

Ер нь түүний хувьд Н.Энх­баярыг л нэг шат доошлуулж байвал өөрийнх нь нэр хүнд ч  хайран биш болохыг “Зуун найз бага, нэг дайсан их ”хэмээх хүчирхийлэлд турхирсан ти­тэм үгнээс улам ч тодорхой харагдсан даа.   За энэ ч яахав.  Сонгууль ид явагдаж байх үед эвслийн менежерээр ажиллаж  шантарсан М.Энх­сайхан хамаг юмаа хаяад Хөвсгөл яваад өгчээ. Тэрбээр эвслийг ялна гэдэгт огт итгээгүй бөгөөд 20 суудал авбал их юм хэмээн ярьж явсан гэдэг. Ингээд сонгуулийн дунд үеэс М.Энхсайханыг  П.Цагаан залган авахад дансанд нь ердөө 250 сая төгрөг байсан аж. Хожим П.Цагаан “Би 250-хан сая төгрөгөөр эвслийг ялалтад хүргэсэн” гэж томордог нь аргагүй л  хэлэх үг. Сонгуулийн дүн гарч хоёр нам тэнцлээ. Мөн хоёр тойргийг Н.Энхбаяр барьцаанд авчээ.  Эх орон болон Иргэний Зориг БНН-ууд ч суудалтай боллоо.  Яриа хэлэлцээр ч эхэллээ. Хэн нь УИХ-ын дарга болж бас хэн нь Ерөнхий сайд болох вэ.  Тохироог хаагуур хэнтэй нь ярилцах ёстой юм бол. Хэлэлцээр   хийх мене­жерүүдийг томиллоо. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат Ерөн­хий сайд болох сонир­холтой. Н.Энхбаяр ч мөн адил. Ардчилсан нам Б.Эрдэнэбаттай хагарахгүй байж байгаад Ерөнхий сайдыг авчих сонирхолтой.  Гэтэл нэг албан тушаал дээр хоёр талаасаа ижилхэн амбицтай байгаад байдаг. Дээрээс нь Н.Багабанди Б.Эрдэнэбатыг дэмжих нь гарцаагүй.  Эвслээ хаяад алга болсон М.Энхсайхан буцаад ирчихсэн Ерөнхий сайд болчих санаатай энэ тэрүүгээр гүйгээд байдаг. Яг ийм үед МАХН Алтангадастай тохиролцох нь дээр гэж үзлээ. Ингээд Н.Энхбаяр УИХ-ын даргаа авах нь тодорхой болж Алтангадасын санал болгосон хүнийг үг дуугүй Ерөнхий сайд болгохоор тохиролцлоо. Харин гадасын нэрлэсэн хүн  бол Ц.Элбэгдорж байлаа.  Үүнд хамгийн их хорссон хүн Б.Эрдэнэбат. “Элбэгдорж ямар гавьяа байгуулсан гэж Ерөнхий сайд болдог байна вэ”гэсэн аархал түүнээс салахаа байв.  Хоёр нам хоёр хоёр жилээр ээлжлэн Ерөнхий сайдаа солино ч гэх шиг үлгэрийн юм их л ярьсан даа.    Төдөлгүй  Н.Энхбаяр гарын дор ажиллаж өгөхгүй байсан Ц.Элбэгдоржийн Засгийн газ­рыг огцруулахын мөрөөсөл болов. Ингээд МАХН-ын  сайдууд огцрох өргөдлөө өгснөөр  Элбэгээгийн гарт явсан өн­дөг хага үсэрлээ.  Харин Н.Энхбаяр  Б.Эрдэнэбатыг дуу­даад “Эвслээ задалчихаад  хүрээд ир. Чамайг Ерөнхий сайд болгоно”гэжээ. Эргэн тойрныхон нь “Наадах чинь худлаа шүү, худлаа” гэсэн зөвлөгөө өгсөөр атал мань хүн давхиж очоод эвслээ задалж орхив. Юун Ерөнхий сайд болох. МАХН-ын Засгийн газарт арайхийн сайдтай  үлдэх хувь тавилан хүлээж бай­жээ. Ерөнхийлөгчийн сон­­гуулийн үеэр болсон ак­цууд  болон М.Энхсайхан яагаад Ерөнхийлөгчид нэр дэвшсэн бэ, санал хураалтын дүн гарч дуусаагүй байхад  яагаад Н.Энхбаяр руу утасдан Ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд нь баяр хүргэсэн  гэх мэт зүйлийг  энд дурьдах нь  илүүц.  За тэгээд эвсэл задрангуут хамгийн хортой зэвүүн үгийг  МАХН-ын бүлгийн дэд дарга Ардчилсан намын гишүүн  Р.Гончигдорж хэлсэн юм. “Эх орон- Ардчилал эвсэл задарсан юм чинь 36 сул гишүүн УИХ-д  бий боллоо” гэж. Тэр үеийн афоризм байлаа, энэ үг.  Анх сонгуульд нэр дэвшиж орсон байгууллага нь эрх зүйн чадамжгүй болж алга болсон тул бүгд сул гишүүн болж гэнэ. Үүний автор нь  Н.Энхбаяр. Энэ тоглолтоос МАХН маш ихээр хожсон. Харин  энэ  хувь тавилан  өдгөө Ардын намыг угтаж болох биш үү.  Өдгөө Ардын намд харъяалагдаад байгаа  45  гишүүн  (Шинэбаяр гишүүнийг хасаад) 2008 оны сонгуульд МАХН гэдэг улс төрийн байгууллагаас нэр дэвшиж бүрэн эрх нь баталгаажсан байдаг. Гэтэл замын дунд нөгөө МАХН нь алга болчихов. Хэдийгээр хуучин батлахаа шинээр сольсон ч  тэд яг үнэндээ  бие даагч болчихоод байна. Энэ сиймхийг  хэрхэн ашиглахаа Н.Энхбаяр сайн мэднэ.  Өөрөө энэ тоглоомыг зохиосон юм чинь дээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН  ЭРХ

УИХ-ын 2000 оны сон­гуулийн дараа  Ардчилсан чиг баримжаатай таван нам нэгдлээ. Хуанлийн хуудас 2000 оны  арванхоёрдугаар сарын  6-ыг зааж байхад одоогийн Ардчилсан нам төрсөн юм.  Энэ таван намын нэгдэл дотор Монголын Социалдемократ нам гэдэг бас багтсан байлаа.  Дарга нь Р.Гончигдорж байсан юм. Харин энэ нэгдлийн дараагаас А.Ганбаатар дур­гүйцлээ илэрхийлэн нэ­лээд удаан заргалдсаны хү­чинд Социалдемократ намаа сэргээн байгуулж нэрийг нь дээд шүүхэд бүртгүүлсэн. Тэг­вэл үүнээс Н.Энхбаяр юуны өөр гэж. Нам нь алга бол­чихлоо. Түүнийг сэргээн байгууллаа. Одоо дээд шүү­хэд бүртгүүлнэ.   Тэгээд да­раа нь сонгуульд оролцох юм байгаа биз. Байдаг л үзэгдэл. Харин үүнээс Ардын нам халгаад байна.  Яагаад.  МАХН гэдэг товчлолыг өөр хүн эзэмших вий гэхээс сүнсээ зайлтал айж байгаа.  Тийм ч учраас намынхаа залуусын нэр дээр баахан Х үсэгтэй товчлол яаран авсан нь тодорхой болсон.   Бас нэг айдас одоогийн Ардын намд бий.  Засаглалын хуваарилалтаар бол шүүх эрх мэдэл Ерөнхийлөгчид бий.  Хэрвээ  Ерөнхийлөгч Н.Энхбаярт “багахан” дэмж­лэг үзүүлчихвэл яах бол. МАХН гэдэг нэрийг нь Н.Энхбаярт өгчихвөл Ардын намынхан  дээр доргүй бу­жигнаж эхлэх нь гарцаагүй. Өнөөг хүртэл Н.Энхбаяр  ийм зоригтой байхыг бодоход Ерөн­хийлөгчтэй тохирсон юм биш биз гэсэн эргэлзээ төрнө.  Тэгвэл  энэ тохироо Ерөнхийлөгчид ямар ашигтай юм бэ. Тэр ирэх 2013 оныг харж байж болох юм. Түүнтэй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх өрсөлдөгч хэн байх нь одооноос анхаарах асуудал яалтгүй мөн. Тэгэхээр  МАХН гэдэг нэрийг авсан цагт Н.Энхбаяр өөрөө аль ч тойргоос нэр дэвшсэн гараад ирж болно. Ингэснээр пар­ламентад суудалтай нам болж  Ерөнхийлөгчийн  сонгуульд оролцох нь зайлшгүй. Ардын намын нэр хүнд өндөр байсаар 2013 онтой золговол С.Баяр дэвших нь гарцаагүй.  Тиймээс С.Баяртай халзагнаж байснаас Н.Энхбаяр, С.Баяр хоёрыг хооронд нь тол­хилцуулж дундаас нь од шүүрч  болох нь ээ.  Дээрх хоёр бие бие­нийхээ элдвийг дуудалцах нь Ардчилсан намд л ашигтай болохоос Ардын намын хувьд айдас дагуулах болно.  Зөвхөн Ардын намд орох, орохгүйн төлөөх маргаан ийм их дуулиан тарьж байхад Ерөнхийлөгчийн сонгуульд  харилцан өрсөл­дөнө гэдэг  амаргүй байх нь ойлгомжтой.  Ийм тоглоомоор тоглох  эрх  одоо зөвхөн Ерөнхийлөгчид бий.  Харин ийм байдалд хүрэхгүйн тулд Ардын нам бүхнээ хийх болно.  Ардын намын эсрэг Н.Энхбаяр ч бас чаддаг бүхнээ үзүүлнэ. Тэгэхээр энэ тийм амархан зүйл биш байна. Ардын намынхан 38 бие даагч болдоггүй юм гэхэд 2013 оныг одооноос бодолцох хэрэгтэй болжээ.  Цаг хугацаа ч харвасан сум шиг өнгөрч байна даа.

Л.МӨНХБАЯСГАЛАН

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж