Пиньеро: Газар хөдөлсний гамшгийг арилгаж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Пиньеро: Газар хөдөлсний гамшгийг арилгаж байна

Чили улсын ерөнхийлөгч Севастьян Пиньеро өнгөрөгч онд хүчтэй газар хөдөлж, үлэмж хохирол учруулсныг арилгах сэргээн босгох ажил амжилттай өрнөж байгааг ард түмэндээ хандан өнгөрөгч лхагва гаригт мэдээлсэн байна.

2010 оны хоёрдугаар сарын 27-нд Чили улсад рихтерийн шаталбараар 8,8 баллын хүчтэй газар хөдөлж, 524 хүний амь нас үрэгдэж, 31 хүн ор сураггүй алга болж, улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувьтай тэнцэх 30 тэрбум долларын хохирол учруулсан билээ.

Үүнээс  10 тэрбум долларын хохирол дэд бүтцийн салбарт учирсан байна.
Лхагва гаригт Засгийн газраас гаргасан мэдээлэлд газар хөдлөлтөд 12,8 сая чилийн иргэд өртөж, 220000 орон сууц, 3700 сургууль, 73 эмнэлэг, 1554 км засмал зам, 212 гүүр, 9 онгоцны буудал нурж, эвдэрсэн ажээ.

Сэргээн босгох ажлыг эрчимтэй өрнүүлж, 120000 орон сууц газар хөдлөлтөд өртсөн иргэдэд олгож, эвдэрч гэмтсэн нийтийн дэд бүтцийн байгууламжийн 99,1 хувийг бүр буюу хагас засварлаад байгаа аж.

Орон байраа алдаж, хүнд байдалд орсон 220000 иргэдийн зөвхөн 4000 нь одоогийн байдлаар майхан буюу түр оромжид амьдарч байгаа юм байна.

Ерөнхийлөгч Пиньерогийн тайлбарласнаар сэргээн босголтын ажлыг 3 шат дараалалттай хийж байгаа бөгөөд  түүнийг ерөнхийлөгчийн алба хаших хугацаа дуусах 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр сэргээн босголтын ажлыг дуусгаж, ард түмэнд ажлын үр дүнгээ тайлагнан танилцуулахаар болжээ.

Сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр ерөнхийлөгч иргэний нийгмийн сэргээн босголтын ажилд Зэвсэгт хүчний 12000 дайчид идэвхтэй оролцож, нийгмийн хэв журам тогтоох, газар хөдлөлтийн улмаас үүссэн байшин барилгын нурангийн үлдэгдлийг цэвэрлэх ажилд хүчин чармайлт гарган ажилласныг онцлон дурджээ.
Чилийн засгийн газраас хийсэн  албан ёсны мэдээллээр газар хөдлөлт болсноос хойшхи  нэг жилийн хугацаанд олон улсын зүгээс 22 сая долларын яаралтай буцлалтгүй тусламж хүлээн авсан байна.

Ерөнхийлөгч Севастьян Пиньеро сэргээн босголтын ажил амжилттай өрнөж байгаагаас гадна улс орны эдийн засаг нэн хурдацтай сэхэж байгааг онцолжээ.

Ерөнхийлөгч байх хугацаандаа 7 төрлийн том өөрчлөлт хийхээр төлөвлөснөө яриад тухайлбал, боловсрол, эрүүл мэндийн салбар, ядуурлыг арилгах, ард иргэдийн аюулгүй байдал, ардчилал, байгаль орчныг хамгаалах, Төрийг шинэчлэх зорилт дэвшүүлснээ хэрэгжүүлнэ гэсэн байна.

Чилийн төрийн тэргүүн улс орны макро эдийн засагт үр дүн гарч байгааг тэмдэглээд 2010 онд эдийн засгийн өсөлт 5,2 хувьд хүрч, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн бүтээмж хэвийн хэмжээнд хүрч, 428000 ажлын байр шинээр бий болгосон нь улс орны түүхэнд шинэ дээд үзүүлэлт болсныг тэмдэглээд цалин хөлсний  дундаж үзүүлэлт 4 хувиар өсснийг сэтгүүлчдэд мэдээлжээ.

Шинээр бий болгосон ажлын байрны бүтцэд урьд өмнө шаардлагатай байсан 60000 ажлын байр бий болгох төслийг хавсарган оруулсан байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж