Цас хайлж, Нью-Йорк хотынхон зутарчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Цас хайлж, Нью-Йорк хотынхон зутарчээ

Сүүлийн сар, хагасын туршид нутгийн хойд хэсгээр орсон их цас хайлж, хүмүүсийн сэтгэл санаа уужирч эхэлсэн аж.  Гэвч хот, суурин газрын их цас хайлах тутам уул овоо шиг овоолоостой хог новш, зам гудамжны энхэл донхол, хаясан дугуй, харх үүрлэсэн буйдан, зул сарын баяраар хэрэглэсэн гацуур мод тэр бүү хэл нас барсан хүмүүсийн цогцос хүртэл ил гарч ирэх болж, багагүй гамшиг учруулж эхэлжээ.

Өнгөрч буй өвөлд Нью-Йорк хотод 145 см цас орсон байна. Нэгдүгээр сард түүхэнд гарч байгаагүй их цас унасан аж. Иймэрхүү байдал тус улсын хойд хэсэгт ч давтагдсан байна.

Цаг агаар дулаарч, хотын оршин суугчдын сэтгэл тэнүүрч байгаа боловч хайлж буй цасны доороос гарах хог, шавар шавхай түвэг бэрхшээл учруулж эхэлсэн байна. Кэрон Жеймс хэмээх 34 настай залуу “Ой гутмаар юм. Цас юм уу хог новш юм уу гэдгийг ч ялгахад бэрх болоод байна” гэж ярисан аж.

Нас барсан хоёр хүний цогцос ил гарч ирсэн нь угаартсан бололтой жолооны ард суугаагаар нас барсан байжээ.

Одоо Эрүүл мэндийн департментад гудамжны цас, шавхайг арилгах, явган хүний гарцуудыг нээх үүрэг ногдож буй бол оршин суугчид, байгууллага, аж ахуйн газрууд орчин тойрноо цэвэрлэж эхэлсэн боловч цас бүрэн хайлаагүй, гудамжинд хаясан овоолгоостой хог новш, гэрийн тавилгыг хэрхэн цэвэрлэх талаар сэтгэл зовниж буй аж.

Нью-Йорк хотын захиргаа их цас орж эхлэх үеэр гудамжны хог ачиж, цэвэрлэхийг зогсоож, машин техникийг цас түрж овоолоход ашиглаж эхэлсэн тул өдөр бүр 11000 тн хог хуримтлагдаж байсан байна.

Эх сурвалж: AP Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж