Монголын хөлбөмбөгчид 2:0-ээр хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Монголын хөлбөмбөгчид 2:0-ээр хожигдлоо

Азийн хөлбөмбөгийн холбооны “Challenge Cup-2012” тэмцээний урьдчилсан шатанд Филиппиний багтай таарсан Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өчигдөр Филиппиний Баколод хотноо эхний тоглолтоо хийж, 2:0 харьцаатай ялагдлаа. Тус хотын “Панаад стадиум” цэнгэлдэхэд болсон тоглолтод Монголын баг 4-5-1 гэсэн хувилбарыг сонгож тоглосон бөгөөд тоглолтын эхний хагасын дундуур хагас хамгаалагч П.Алтантулга хоёр дахь удаагаа шар хуудсаар торгуулснаар талбайг орхижээ. Улмаар талбайд 10-уулаа үлдсэн Монголын хөлбөмбөгийн шигшээ хаалгандаа хоёр гоол алдсанаар ялагдал хүлээсэн юм. Тоглолтын 42 дахь минутад Филиппиний багийн довтлогч Калигдонг багтаа тэргүүлэл авчирсан бол цаг дуусах мөчид манай багийн хамгаалагч алдаа гаргаснаар өрсөлдөгчдөө дахин нэг гоол бэлэглэсэн гэж болно. Энэ мөчид өрсөлдөгч багаас Янхусбенд тооны харьцааг 2:0 болгожээ. Тоглолтод Монголын багийн хаалгач Ц.Ганбаяр ур чадвараа харуулж, өрсөлдөгч багийн нэг бус хүчтэй довтолгооныг амжилттай хааж байсныг дурдах нь зүйтэй.

Хэдийгээр айлын талбайд зочилж тоглосон эхний тоглолтдоо 2:0-ээр ялагдал хүлээсэн ч гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотод хийх хариу тоглолтод Монголын баг ялалт байгуулах боломжтой. Хэрэв хожсон тохиолдолд 2012 оны “Challenge Cup” тэмцээний А хэсэгт Мьянмар, Палестин, Бангладешийн хамт өрсөлдөх эрхтэй болох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж