Шилдэг тохижолттой сум шалгаруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Шилдэг тохижолттой сум шалгаруулжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газраас өнгөрсөн онд “Орчноо тохижуулах” жилийн аян зарлаж, сар шиний өмнө шилдэгүүдээ шалгарууллаа. Шилдэг тохижолттой сумаар Уянга сум шалгарчээ. Уянга сумын Засаг даргын тамгын газраас “Орчноо тохижуулах жил” болгон зарласантай холбогдуулан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхөөс хийж гүйцэтгэх ажлын чиглэлийг  байгууллага, айл өрхүүдэд хүргэсэн бөгөөд жилийн ажлыг удирдан зохион байгуулах сумын комиссыг 17 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, 8 багийн ИНХ-аар иргэд, хөдөлмөрчдөд сурталчилсан байна.

Албан байгууллага, аж ахуйн нэгжийн хийж гүйцэтгэх ажлын хүрээнд нийтийг хамарсан их цэвэрлэгээний ажлыг 4 удаа зохион байгуулж,  хайлаас 1300, чацаргана 200, үхрийн нүд 200, шар хуайс 300 тариалсан байна. Байгууллага бүр орчноо тохижуулан, хаягаа шинэчилж, гадна талдаа гэрэлтүүлэг, машины зогсоолтой болсон ба сумын ЗДТГ эд хөрөнгийн агуулах, сумын эмнэлэг нүүрсний агуулах шинээр барьжээ. Мөн хувийн дэлгүүр, хоршоо, зоогийн газрууд шинээр баригдах болон засварт орж, гаднаа гэрлэн чимэглэл, зориулалтын хогийн савнуудыг тавьсан байна.

Айл өрх, иргэдийн хийж гүйцэтгэх ажлын хүрээнд Жаргалантын 8 айл өрх шинээр дэлгүүр,10 гаруй айл шинээр орон сууцтай болсон бөгөөд 3-р багаас 80, 8-р багаас 200, Жаргалант багийн бүх айл өрхүүд хашаагаа тогтоосон загвараар тохижуулан, муу усны цооног ухаж, мод тарьсан байна. 1-р багийн “Шинэ булаг” малчны бүлэг өвөлжөөний 3 байр, 6-р багийн “Баян даваа” ойн нөхөрлөл өвөлжөөний 5 байр шинээр барьж, 7-р багийн “Ар өлт” ойн нөхөрлөл өвөлжөөний 7 байр тус тус засаж тохижуулжээ. Бадрал багийн “Мааньт булаг” малчны бүлэг нь агьч 500ш, үхрийн нүд 200ш, нохойн хошуу 670ш, цагаан хуайс 100ш,улиас 300 ширхэгийг тарьсан нь 80 хувьтай ургаж байгаа аж. Айл өрхүүдээс ил задгай хог хаях явдал багасаж зориулалтын хог тээврийн машинаар хогоо ачуулан хэвшиж байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж