Оросын далбааг урсныг Наото Кан дэмжив үү?

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Оросын далбааг урсныг Наото Кан дэмжив үү?

ОХУ, Япон хоёр орны хооронд хэрүүлийн алим болж байгаа Курилын аралтай холбоотой асуудал сүүлийн үед улам идэвхжилээ. Энэ нь Японы Гадаад хэргийн сайд Москвад айлчлах гэж буй үйл явцтай давхацсан юм.

Н.КАН Д.МЕДВЕДЕВИЙН АЙЛЧЛАЛЫГ ХАРАМСМААР ЗҮЙЛ БАЙСАН ГЭЖЭЭ

Японд “Анти-Орос” хөдөлгөөн хүчээ авч байна. Өнгөрсөн даваа гарагт Токио дахь ОХУ-ын Элчин сайдын яамны үүдэнд Японы үндсэрхэг үзэлтнүүд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Курилын арлыг эргүүлэн өгөхийг шаардан ОХУ-ын төрийн далбааг урсан байна. Японы хууль сахиулагчид уг үйл явцад үзэгчийн байр сууринаас оролцсон бөгөөд тэд жагсагчдыг зогсоохыг оролдоогүй юм. Асуудал үүгээр дууссангүй. Японы үндсэрхэг үзэлтнүүдийн жагсаал болсны дараах өдөр нь Оросын элчингийнхэн Курилын арлыг эргүүлэн өгөхийг шаардсан хараал бүхий бичиг, сумны хамт хүлээн авчээ. Энэ өдрийг хүртэл Япон, ОХУ хоёр Курилын арлын эзэмшилтэй холбоотой маргааныг илүү дипломат аргаар шийдвэрлэхийг зорьж байв. ОХУ-ын Элчин сайдын яамны өмнө жагсаал болсон тэр өдөр Японы Ерөнхий сайд Наото Кан мэдэгдэл хийжээ. Тэрбээр “ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев өмнөд Курилын арал руу айлчлал хийсэн нь хоёр орны дипломат харилцаанд сэв суулгасан харамсмаар үйлдэл болсон” гэсэн юм. Харин тус улсын Гадаад хэргийн сайд Сейжи Маеха “Д.Медведевийн айлчлал Японы ард түмнийг эмзэглүүллээ” гэжээ. Үүнээс улбаалан Японы эрх баригчид тэдгээр жагсагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэж дүгнэж болно. Гэхдээ Н.Каны хувьд удахгүй болох Япон, Орос хоёр орны энхийн хэлэлцээр болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөтгөх асуудлын талаарх уулзалтын тов хэвээр байна гэдгийг онцолжээ. Токио хотноо болох уг уулзалтад хоёр талын албаны 1500 орчим төлөөлөгчид оролцох аж.

С.ЛАВРОВ ЖАГСАГЧДЫГ ШИЙТГЭХИЙГ ШААРДАВ

Наото Каны мэдэгдлийн хариуг Кремлиэс тэр дор нь барьсан юм. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Курилын арлын статустай холбоотой асуудал өнөө, маргаашийн дотор шийдэгдэх зүйл биш гэжээ. Тэрбээр “Оросын төрийн далбааг урж, доромжилсон явдал Японы Гадаад хэргийн сайдын айлчлал хоёрыг холбох шаардлагагүй. Японы албаны төлөөлөгч Москвад ирдгээрээ ирнэ. Бид ирэх баасан гарагт хэлэлцээрийн ширээний ард сууж, асууд­лыг ярилцах болно” гэсэн  байна. Гэхдээ С.Лавров ингээд зогссонгүй. Д.Медведевийн айлчлалын талаарх Наото Каны шүүмжлэлд дургүйцэж байгаагаа илэрхийлж, иймэрхүү дипломат бус мэдэгдэл гаргасанд харамсч  байгаагаа илэрхийлжээ. Оросын “Интерфакс” агентлагийн мэдээлснээр Сергей Лавров өмнө нь хэлж байснаа давтаж, “ОХУ-ын Ерөнхийлөгч өөрийн газар нутгийнхаа хаана нь юу хийж явахаа япончуудаар заалгахгүй” гэсэн  байна. Мөн Оросын тугийг урсан иргэдэд шийтгэл ногдуулах шаардлагатайг ч уламжилжээ. Ямартай ч хоёр орны гадаад хэргийн сайд нар маргааш уулзах бөгөөд энэ үеэр Курилын арлуудтай холбоотой асуудалд гарц хайх юм. Гэхдээ талууд өөрсдийн байр суурин дээр хатуу зогсч байгаа. Тиймээс тэд энэ уулзалтаар ямар нэгэн шийдэлд хүрнэ гэдэгт шинжээчид эргэлзэж байна. ОХУ-ын хувьд Курилын арлын маргаан хурцдаж байгаа нь 2008 онд болсон Өмнөд Гүржийн асуудлыг санагдуулж байна. Тусгаар тогтнолоо зарлахыг хүссэн гүржүүд 2008 оны наймдугаар сард томоохон эсэргүүцэл илэрхийлж байв. Их гүрэн гэдэг утгаараа Оросыг тойрсон маргаантай жижиг бүс нутгийн асуудлууд хэзээд байсан. Тиймээс оросуудын хувьд Курилын арлыг япончуудад өгөх нь тэдгээр маргаантай газар нутгаа бүгдийг нь алдсантай адил хэрэг болж мэднэ. Магадгүй энэ болгоомжлолоос болж өдийг хүртэл тэд байр суурин дээрээ хатуу зогсч байна.

ЯПОН ЭЛЧИН САЙДАА ЭРГҮҮЛЭН ТАТСАН ШАЛТГААН
ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев өнгөрсөн арваннэгдүгээр сард Курилын арал дээр ажлын айлчлал хийсэн. Тухайн үед түүний хөлөглөж явсан онгоц Кунаширын арлын нисэх онгоцны буудал дээр газардсан нь япончуудын уурыг хүргэж орхисон юм. Д.Медведевийн хувьд Курилын арлын оршин суугчидтай уулзаж, загас боловсруулах үйлдвэрээр орж, төр засаг тус арлыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ амласан. Үүний хариу болгож Японы Ерөнхий сайд Наото Кан мэдэгдэл хийн “ОХУ-ын Ерөнхийлөгч ийм алхам хийсэнд харамсч байна” гэжээ. Мөн Япон улсад суугаа ОХУ-ын Элчин сайд М.Беловыг дуудан уулзаж, эсэргүүцлийн нот бичиг гардуулсан юм. Самурай нарыг эхэлж өдсөн орос ах нар яаж дуугүй суухав. “ОХУ-ын Төрийн тэргүүн өөрийн нутаг дэвсгэрийнхээ хаана нь очихоо Японы төлөөлөгчидтэй зөвлөлдөх нь байж боломгүй асуудал” гэж хариулжээ. Үүний цаана их гүрний дээрэнгүй үзэл цухалзаж байсныг зарим шинжээч онцолдог. Д.Медведевийн айлчлалын дараа Японы тал ОХУ дахь Элчин сайдаа эргүүлэн татаж байв. Д.Медведевээс барууныхны анхаарлыг татаад байгаа М.Ходорковскийн хэргийн талаар асуухаар “Тусгаар улсын Ерөнхийлөгчийнхөө хувьд ийм асуултад хариулах шаардлагагүй” гэнэ. Яагаад маргаантай бүс нутагт зочлоод байгаа юм бэ гэхээр “Бид газар нутаг дээрээ хаана юу хийхээ заалгахгүй” гэнэ. Жаахан бүдүүлэг гэж хэлж болохоор эдгээр хариултын цаана өөрийн байр суурин дээрээ хатуу зогсоно гэх санаа цухалзаж байгаа нь тодорхой юм.

КУРИЛЫН АРАЛ ЯАГААД МАРГААНЫ СЭДЭВ БОЛСОН БЭ

Курилын арлууд гэж Камчаткийн хойгоос Хоккайдо арал хүртэл сунаж тогтсон, Номхон далайд орших 30 орчим жижиг арлууд юм. Оросууд эдгээр арлыг өөрийн орны Сахалины хязгаар нутаг гэж нэрлэдэг. Харин самурай нар хамгийн урд хэсэгт нь байрлах дөрвөн арлыг Японы Хоккайдо мужийн нутаг гэж үздэг. Угтаа бол Курилын арлын уугуул оршин суугчид нь япон, орос үндэстний аль нь ч биш бөгөөд айну хэмээх ард түмэн юм. Айнугийн хэлний куру буюу “хаанаас ч юм ирсэн хүн” гэдэг үгнээс улбаалан тэдгээр арлыг Курилын арал гэж нэрлэжээ. Японы эрдэм шинжилгээний хайгуулын баг 1635 онд Курилын арлуудын байршлыг анх тогтоосон аж. XVIII зууны эхэн үеэс оросууд хойд хэсгийн арлуудыг нь эзэнт гүрнийхээ эгнээнд нэгтгэхээр оролдож эхэлсэн байна. Гэхдээ 1799 он гэхэд Д.Медведевийн зочлоод явсан Кунашир арал дээр япончууд цэргийн ангиа байрлуулжээ. Харин 1905 онд Японтой хийсэн дайнд ялагдсан оросууд өмнөд Сахалиныг тэр чигт нь Японы мэдэлд шилжүүлсэн юм. Түүнээс хойш 40 жилийн дараа Дэлхийн хоёрдугаар дайн дуусах үед Курилын арлуудаас Итуруп, Кунашир, Шикотан, Хабо­май гэх дөрвөн арал ЗХУ-ын мэдэлд оржээ. ЗХУ, Япон хоёр улсын хоорондох цэргийн ажиллагаа 1956 онд албан ёсоор дуусч, энхийн хэлэлцээр байгуулсны дараа Кремлийн удирдагчид Шикотан, Хабомай арлыг Японд эргүүлэн өгөхийг зөвшөөрсөн. Гэвч япончууд дээрх дөрвөн арлыг бүгдийг нь авна гэснээр Курилын арлууд маргааны сэдэв болсон юм.

Т.Элиса.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж