Улаангомыг хэзээ аврах вэ?

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Улаангомыг хэзээ аврах вэ?

Улаангом хотын албан байгууллага, оршин суугчид энэ өвлийн хувьд халаалт, дулаан доголдосноос болж, хүндхэн өвөлжиж байна. Энэ сарын 1-ний Засгийн газрын хуралдаанаар Увс аймгийн дулааны станцын талаар хэлэлцэж, шаардлагатай сэлбэг хэрэгсэл худалдаж авах, дулааны шугам, гэмтлийг засварлах зорилгоор 120 сая төгрөг хуваарилсан аж. Тус аймгийн дулааны цахилгаан станцын үйл ажиллагаа, засварын ажлын талаар аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Очироос тодрууллаа.

-Танай аймгаар өвөлжилт ямархуу байна. Аймгийн дулааны цахилгаан станцын засварын ажил юу болж байгаа вэ?

-Увс аймгийн хувьд өвөлжилт өнгөрсөн өвөлтэй харьцуулахад өнтэй сайхан өвөл болж байна. Дулааны цахилгаан станцын гэмтэл засварын ажлыг  хийж байна. Өнөөдрөөс нэг зуухны гэмтлийг засварлаад, зүгшрүүлэх тохиргоо хийгээд эхэлсэн. Тус станц гурван зуухтай ч, гурвууланд нь эвдрэл гэмтэл гарсан. Өнгөрсөн өдрүүдэд нэг зуухыг засварлаж, гар аргаар галлагаанд оруулж, аймгийн төвийн хэрэглэгчдийг 15-20 хэмийн дулаанаар хангаж байна. Энэ нь хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг хангах хэмжээний дулаан биш. Хөлдөөчихгүй, амьтай байлгах төдий л байна гэсэн үг.

-Улсын төсвөөс засварын ажилд хичнээн төгрөг олгоод байгаа вэ?

-Засгийн газрын хуралдаанаар станцын гэмтлийг түргэн хуга­цаанд засварлахад зориулж 120 сая төгрөг олгоод байгаа. Шугам хөлдсөн, гэмтснийг засварлахад 80 сая төгрөг, төвөөс мэргэжлийн баг ажиллуулах зардалд 10 сая төгрөг, сэлбэг худалдаж авах зардалд 30 сая төгрөгийг тус тус хуваарилаад байна.

-Засварын ажил хэдийнээс дуусч, хэвийн горимд шилжих вэ?
-Хэдийнээс гэдгийг хэлж мэдэхгүй. Төвөөс ирсэн мэргэжилт­нүүд, станцын ажилтнууд цаг наргүй ажиллаж байна. Өнөөдрөөс зүгшрүүлж буй зуух хэвийн ажиллаад эхэлбэл энэ долоо хоногт багтаан нийт хэрэглэгчдийн 50 хувь нь хэрэгцээт дулаанаа авч эхэлнэ. Хоёр дахь зуухны хувьд ажлын хэсэг байгуулж, худалдаж авахаар гэрээ байгуулсны дагуу өчигдөр Горны-Алтайг зорьсон. Маргааш, нөгөөдрөөс сэлбэг ирвэл угсрах ажлыг шууд эхлэх юм.

-Жил бүр танай аймгийн дулааны станцад гэмтэл засвар гарч, их хэмжээний засварын ажил хийгдэх юм. Ажилтнуудын хариуцлагагүйнх уу, станцын тех­ник хуучирч, муудсных уу?

-Хаа хаанаа л байдаг байх. Гэхдээ 1986 онд ашиглалтанд оруулсан зуухнууд шүү дээ. Одоо бол насжилт нь хэтрээд, актанд гарсан ч, төсөв хөрөнгө байхгүй гэдгээр жил бүр бага зэрэг засч, сэлбээд ажлуулдаг. Бараг л үзмэрт тавьчих хэмжээний төхөөрөмжөөр Улаангомын хэрэглэгчдийг хөл­дөө­чихгүй л өвөлжүүлэх санаатай л хичээн ажиллаж байна. Манай аймагт ажиллаж байгаа төвөөс ирсэн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар нилээд хэмжээнии засвар шинэчлэлтийг хийхгүй бол ирэх өвөл иймэрхүү байдлаар гал алдахыг үгүйсгэхгүй гэдгийг би­дэнд хэлж байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж