Ерөнхийлөгч оюутны тэтгэлгийн талаар ярилаа

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч оюутны тэтгэлгийн талаар ярилаа

Өнөөдөр Архангай аймагт хүрэлцэн очсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Боловсролын их сургуулийн харъяа Багшийн сургуулийн оюутан, багш нартай уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оюутнуудад сар бүр тэтгэлэг олгох хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн барих гэж байгаа дуулгалаа. Оюутнууд дотуур байрны хүрэлцээ тун тааруу байгаа тухай болон компьютерийн хангамж муу байгаад анхаарлаа хандуулахыг Ерөнхийлөгчөөс хүслээ. Архангайн Багшийн сургуульд дотуур байранд амьдрах хүсэлтэй 1200 оюутан байгаа ч одоо байгаа хүчин чадал нь зөвхөн 200 оюутан багтаах байр ажээ.
Дараа нь Ерөнхийлөгч хүнсний ногооны аж ахуй эрхэлдэг “Од-КР” хоршооны ажилтай танилцлаа. Энэ хоршоо нь анх гэр бүлийн хоёр нийлэн хүнсний ногоо тарьж ажлаа эхэлсэн бөгөөд 2001 оноос хоршоо болон өргөжиж, 13 хүнийг нэгтгэн ажиллаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар энэ хоршоо Архангай аймгийн хүнсний ногооны хэрэгцээний 50 хувийг дангаар хангадаг болтлоо хөгжиж томорч чаджээ. Тус хоршоо 2009 онд жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн хөтөлбөрт хамрагдан 10 сая төгрөгийн зээлийг гурван жилийн хугацаатай  авсан нь ихээхэн дэмтэй байжээ. Одоогоор зээлийн эргэн төлөлт 40 хувьтай байгаа талаар хоршооны эзэн Б.Лхагвасүрэн ярилаа. Эхнэр С.Янжинлхам нь агрономич мэргэжилтэй бөгөөд эднийх хүнсний ногооноос гадна зөгий үржүүлж, жимс тариалдаг. Өндөр уулын бүсэд жилийн дөрвөн улиралд ашиглах зоорийг байгуулж, аймгийнхаа тэргүүний хоршоогоор шалгарч байсан ажилсаг хамт олонд Ерөнхийлөгч ихээхэн талархаж байлаа.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Архангай аймгийн Шүүхээр орж, ажил байдалтай нь танилцлаа. Ерөнхий шүүгч С.Пүрэвсүрэн ажлаа танилцуулж, иргэдэд үйлчлэх мэдээлэл, лавлагааны буланг ажиллуулж байгаагаа хэллээ. Архангайн Шүүх өөрийн байргүй бөгөөд байртай болох төлөвлөгөөгөө хэллээ.

С.ОТГОНСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж