Хоёр хөршийн инфляц анхаарал татах хэмжээнд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Хоёр хөршийн инфляц анхаарал татах хэмжээнд хүрчээ

Монголбанкны мэргэжилтнүүд дэлхийн санхүүгийн төв хэвлэл болох Bloomberg, Reuters, Financial Times зэрэг эх сурвалжийг түшиглэн 2011 оны санхүүгийн гурав дахь долоо хоногийн тоймыг гаргасныг хүргэж байна.

Америкт орон сууцны барилгын ажил эхэлжээ

АНУ-д өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ-д орон сууцны барилгажилт өмнөх сараас 4.5 хувиар буурсныг тус улсын Худалдааны яамнаас мэдээлжээ. Энэ нь 2009  оны 10  дугаар сараас хойш байгаагүй доод төвшин юм байна. Харин мөн хугацаанд барилгын зөвшөөрлийн хэмжээ 17  хувиар өсчээ. Учир нь шинэ он гарсаар АНУ-ын Калифорни,  Нью-Йорк зэрэг мужуудад барилгын шинэ стандарт мөрдөгдөж эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулж “Борлуулалт нэмэгдээгүй байгаа энэ үед барилгын компаниудын хувьд шинээр орон сууц барих шаардлага тун бага байна.  Барилгын салбар цаашид ч эдийн засгийн хурдыг сааруулах болно” гэж BMO Capital Markets-ын ахлах эдийн засагч Sal Guatieri хэлсэн байна.
Хэрэглэгчдийн мөнгө зарцуулалт нэмэгдсний улмаас АНУ-ын эдийн засгийг өнгөрсөн оны IV улиралд жилийн 3.5  хувиар өссөн гэсэн таамгийг гаргажээ. Үүнийг Блумбергийн нийт 67  судлаачдын дунд явуулсан судалгаанаас гаргасан байна. Мөнгө зарцуулалт нэмэгдсэн нь тус улсын Засгийн газраас явуулж буй татварыг бууруулах бодлоготой шууд холбоотой бөгөөд тэд энэ бодлогоо 2011 онд үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна.

Германы эдийн засаг өсөлт Европод эерэг нөлөө авчирна

ХБНГУ-ын бизнес эрхлэгчдийн эдийн засгийн цаашдын чиг хандлагад итгэх итгэл огцом

өсч энэ оны нэгдүгээр сард түүхэн дээд төвшинд хүрсэн тухай Мюнхен хотод төвтэй Ifo

institute-ээс мэдээлжээ.  Нийт 7,000  гүйцэтгэх захирлын дунд явуулсан судалгаан дээр үндэслэгддэг уг индекс өнгөрөгч арванхоёрдугаар сард 109.8  нэгж байснаас нэмэгдэж 110.3  нэгжид хүрчээ. Мөн ажилгүйдлийн төвшин буурч, экспортын эрэлтийг хангахад чиглэгдэн хөрөнгө оруулалт нэмэгдсэний тусаар ХБНГУ-ын эдийн засаг 2010  онд жилийн 3.6  хувиар өссөн дүнтэй гарчээ. Харин Ирланд,  Грек болон Португал зэрэг орнуудын төсвийн алдагдлыг бууруулах бодлогын улмаас нийт 17 орныг нэгтгэсэн Евро-бүсийн эдийн засгийн өсөлт удааширах магадлал тун өндөр үед ХБНГУ-ын эдийн засгийн өсөлт эерэгээр нөлөөлөх гол хүчин зүйл болж байгаа ажээ.

Хятад бодлогын хүүгээ өсгөхөд хүрэв

БНХАУ-ын эдийн засаг 2010 оны сүүлийн улиралд оны өмнөх мөн үеэс 9.8 хувиар өссөн

нь өмнөх улирлын 9.6 хувийн өсөлтөөс илүү байсан тухай тус улсын Статистикийн
албанаас мэдээлжээ. Ингэснээр 2009 онд жилийн 9.2  хувиар тэлээд байсан дэлхийн гурав дахь том эдийн засгийн 2010 оны өсөлт жилийн 10.3  хувьд хүрч, “хэт халалт”-ын эсрэг авч буй арга хэмжээ хүссэн үр дүнг өгөхгүй байгаагийн илрэл боллоо гэж мэргэжилтнүүд тайлбарласан байна. БНХАУ-ын эдийн засаг энэ хэвээр тэлэх юм бол инфляцийн төвшин сэтгэл зовинуулсан асуудал болно гэж судлаачид нэлээд анхааруулаад байгаа.  БНХАУ-ын инфляцийн төвшин 2010 оны арванхоёрдугаар сарын байдлаар жилийн 4.6 хувь хүртэл бага зэрэг буураад байгаа ч Citigroup Inc болон Credit Suisse AG зэрэг томоохон банкууд инфляцийн төвшинг энэ оны эхний хагаст жилийн зургаан хувьд хүрнэ гэж таамаглажээ. Иймд тус улсын удирдлагууд банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг нэмээд зогсохгүй бодлогын хүүг ч ойрын хугацаанд өсгөх шаардлагатай болох нь.

ОХУ-д ажилгүйдэл анхаарал татаж эхэллээ

ОХУ-ын ажилгүйдлийн төвшин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 7.2 хувьд буюу сүүлийн долоон сар байгаагүй өндөр төвшинд хүрчээ. Мөн манай хойд хөршийнд инфляцийн төвшин жилийн 8.8  хувь хүртэл өсөөд байгаа энэ үед ОХУ-ын Төв банкны удирдлагууд 2008 оноос хойш нэмэгдүүлээгүй байгаа бодлогын хүүгээ өсгөх талаар хэлэлцэж эхэлжээ. Харин хэрэглэгчдийн мөнгө зарцуулалтад нөлөөлөх гол хүчин зүйл болох хөдөлмөр эрхлэлтийн байдал ийнхүү таагүй байгаа нь бодлогын хүүг нэмэгдүүлэхгүй байх тал руу нөлөөлөх магадлалтай гэж судлаачид үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж