Б.Хурц бизнес ангиллын визээр зорчжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

Б.Хурц бизнес ангиллын визээр зорчжээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Германы талд шилжүүлэх шийдвэрийг Их Британийн шүүхээс өчигдөр гаргасан билээ. Түүнд холбогдох долоо дахь удаагийн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах хүсэлтийг Монголын талаас тавьсан байна. Б.Хурцад холбогдох анхан шатны шүүх хурлын шийдвэрийн талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаас  тодрууллаа.

-Б.Хурцыг Германы талд шилжүүлэх анхан шатны шүүхийн шийдвэр гарчээ. Манай талаас тавьсан үндэслэлүүд яагаад нотлогдсонгүй вэ?

-Монгол Улсын иргэн төрийн өндөр албан тушаалтай, дипломат ямба эрхтэй Б.Хурцыг хууран мэхлэх замаар Английн зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн баривчилсан гэсэн үндэслэлийг манай талын өмгөөлөгч Алан Жонс өнгөрсөн хугацаанд анхан шатны долоон удаагийн шүүх хуралд  тавьсан. Харин Английн шүүх бүрэлдэхүүн тайлбар баримтыг нягталж үзээд хангалттай нотлогдоогүй гэх үндэслэлээр Германы талд шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Манай талаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэн.

-Түүнийг Англи руу зорчихдоо дипломат ажлаар бус, бизнесийн аяллаар явж байсан нь гол буруутгах нотолгоо болсон гэж зарим гадаадын сайтад мэдээлжээ. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Б.Хурц бизнес ангиллын визээр Англид зорчсон нь үнэн. Гэхдээ түүнд ямар ангиллын виз олгох нь Улаанбаатар дахь Их Британийн Элчин сайдын яамны мэдэх асуудал. Шүүх хурлын процессийг нэг бүрчлэн мэдээлэх боломжгүй юм.

-Манай талаас ямар хүмүүс оролцов?

-Шүүх хуралд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Лондон дахь Монголын Элчин сайд Б.Алтангэрэл, ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуяг, Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Ц.Болор, ЭСЯ-ны зөвлөх, консул Н.Батаа нар болон Б.Хурцын эхнэр, хүү нь оролцлоо.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж