
Туркийн Стамбул хотноо энэ сарын 11-13-ны өдрүүдэд болох тив, дэлхий, олимпийн аварга, Туркийн алдарт бөх Ясар Догугийн нэрэмжит “Алтан гран-при” тэмцээнд оролцохоор Монголын чөлөөт бөхийн тамирчид хилийн дээс алхлаа. FILA-гийн тэмцээн, уралдааны календарчилсан төлөвлөгөөнд багтсан “Алтан гран-при” цувралын хоёр дахь нь болох Ясар Догугийн нэрэмжит 39 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ Г.Амархүү, Т.Даваахуяг, Д.Цогтбаатар, 60 кг-д ОУХМ Г.Мандахнаран, Э.Ням-Очир, СМ Б.Нэмэхбаяр, 66 кг-ын жинд ОУХМ П.Өнөрбат, СМ Б.Анхбаяр нар, 74 кг-д ОУХМ М.Мэндсайхан, 84 кг-д П.Өсөхбаяр нар барилдана. Баг тамирчдыг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном, дасгалжуулагч Ц.Баярсайхан нар ахлах бөгөөд Олон улсын хэмжээний шүүгч Х.Ганболд тэмцээний шүүх бүрэлдэхүүнд багтаж, ажиллах ажээ.
Туркийн домогт бөх Ясар Догугийн нэрэмжит 39 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн эрэгтэйчүүдийн 55, 60, 66, 74, 84, 96, 120 кг, эмэгтэйчүүдийн 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жинд явагдах юм. Тэмцээнээс медаль зүүсэн жин тус бүрийн дөрвөн тамирчин долдугаар сарын 8-10-ны өдрүүдэд Азербайжаны нийслэл Баку хотноо болох Азербайжаны ерөнхийлөгч асан Гейдар Алиевийн нэрэмжит Golden Grand Prix Final тэмцээнд оролцох эрхтэй болно.
Тэмцээний шагналын сангийн тухайд эрэгтэйчүүдийн төрөлд жин тус бүрт түрүүлсэн тамирчид 2000 ам.доллар, харин мөнгө, хүрэл медалийг 1000 ба 500 ам.доллар дагалдах бол эмэгтэйчүүдийн төрөлд аваргын алтан медалийг 1000, мөнгөн медалийг 700, харин хүрэл медалийг 300 ам.доллар дагалдах ажээ.
Тус тэмцээнээс өмнө нь Ч.Батбадрал, О.Пүрэвбаатар, Г.Өсөхбаяр, Б.Энхжаргал нар алтан медаль хүртэж байжээ.
С.Цэлмэг