Ажлын явцыг түр хугацаанд мэдээлэхгүй гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Ажлын явцыг түр хугацаанд мэдээлэхгүй гэнэ

"Дорнод уран" компани байгуулах ажлын явцыг түр хугацаанд мэдээлэхгүй гэнэ

Манай улс, ОХУ-ын Засгийн газартай хамтран “Дорнод уран” компанийг байгуулах асуудлыг нэлээд удаан хэлэлцсэний эцэст уг компанийг байгуулах тохироогоо хийж чадсан. Энэхүү компанийг байгуулж, харилцан ашигтай хамтран ажиллах тохирооны гол үзүүлэлтүүд нь манай улсад нааштайгаар туссан. Ийнхүү өөрт ашигтай байдлаар уг асуудлыг шийдэхэд Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн айлчлал нөлөөлсөн. Айлчлалын үеэр “Дорнод уран” хамтарсан компанид Монголын талын эзэмших хувь 51, ОХУ-ын эзэмших хувь 49 байна гэдгийг шийдсэн. Мөн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ нь тав, таван хүний бүрэлдэхүүнтэй байхаас гадна ТУЗ-ийн дарга нь монгол хүн байхаар болсон билээ. Хамтарсан компани байгуулах ажлыг манай талаас төрийн өмчит “Мон Атом” компани зохион байгуулах үүрэг хүлээсэн. Үүргийнхээ дагуу тэд компани байгуулах бэлтгэл ажлаа эхлүүлэн ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа юм. Москвад хийсэн хэлэлцээрээр компани байгуулах үйл ажиллагааг Монголын хуулийн дагуу явуулахаар болсон. “Дорнод уран” компанийг байгуулах ажлын явц ямар байгаа талаар “Мон Атом” төрийн өмчит компанийн захирал Р.Бадамдамдинаас тодруулахад “Ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь “Хан ресурс” компани Засгийн газрыг олон улсын шүүхэд өгсөн. Тиймээс “Дорнод уран” компани байгуулах болон арбитрын шүүхийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээлэл түр хугацаанд өгөхгүй” хэмээсэн юм. Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компани “Цөмийн энергийн газар хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан” гэх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн. Тэд өөрсдийгөө шүүх хуралд ялна гэдгээ баттай мэдэгдээд байгаа. Харин Засгийн газрын зүгээс олон тайлбар хийхгүй байгаа ч мөн л ялна гэдэгтээ итгэлтэй байгаа юм. Арбитрын шүүх хурал товлосон ёсоор өнөөдөр болох ёстой. Гэхдээ арбитрын шүүх хурлын шийдвэр тийм хурдан гардаггүй, сунжрах магадлалтай хэмээн эх сурвалж мэдээлсэн.

Цөмийн энергийн газрын тухайд “Дорнод уран” хамтарсан компанийг байгуулах үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлогоор нь удирдах үүрэгтэй. Тэд гэрээ хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээр “Мон Атом” компанитай ярилцаж, удирдаж чиглүүлэн ажиллаж байна. Монголын хуулийн дагуу компанийг бүртгүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад ямар бичиг баримт бүрдүүлдэг вэ тэр бүгдийг хамтарсан ажлын хэсгүүд төлөвлөсний дагуу хийж байгаа гэнэ. Хамтарсан компани байгуулагдаад шууд үйл ажиллагаагаа явуулж эхлэхгүй. Юун түрүүнд компанийн тусгай зөвшөөрлийн асуудал гарч ирнэ. Мөн ТУЗ-өө байгуулах, гүйцэтгэх захирлаа томилох юм. Уг нь ирэх сард “Дорнод уран” компанийн ТУЗ-ийг томилох сураг байсан. Харин “Хан ресурс” компанийнхан арбитрын шүүхэд хандсанаас үүдэн хамтарсан компани байгуулах ажил бага зэрэг удаашрах бололтой. 

Ц.ЭНХЦЭЦЭГ


Зохиогчийн эрх:

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж