
News.mn сайтын парламентын сэтгүүлч, тоймч Дамжингын Оюунцэцэг “Үл
сөхрөхийн ухаан” анхны номоо өлгийдөн авлаа. Тэрбээр БНХАУ-д зорчсон
аян замын тэмдэглэл, хоёр орны харилцааны товч түүх, Хятадын дэлхийд
алдаршсан гайхамшгуудын талаар цогц мэдээллийг энэхүү номондоо оруулжээ.
Түүний номын өмнөтгөлд УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах хэлтсийн дарга, зохиолч сэтгүүлч Б.Золбаяр: “Үл
сөхрөхийн ухаан” болбоос их Хятад орны тухай сэтгүүлч, тоймч
Оюунцэцэгийн бичсэн бүтээлийн чуулган юм. Түүний энэхүү эрэл туурвил бол
сайхан Монгол улс, хаяа залгаа БНХАУ хооронд “ардын дипломатч”-ийн
үүрэг гүйцэтгэгчийн элбэрүү сэтгэлийн үр юм аа. Хятадын арт түмэн,
тэдний оршихуй, хэв төрхийг өөрийн мэлмий, сэтгэлийн гэрлээр Д.Оюунцэцэг
сэтгүүлчийн тольдсон ажиглалт, үүгээр улбаалан баримтыг хослуулан
найруулсан өндөр ур чадвар “Үл сөхрөхийн ухаан” номыг бүтээсэн” хэмээн
бичжээ. Туршлагатай сэтгүүлч Д.Оюунцэцэгийн энэхүү ном хөрш орныхоо
талаар илүү ихийг мэдэхэд танд туслах, хөтөч болох буй за. Ингээд анхны
номоо өлгийдөн авч буй сэтгүүлч Д.Оюунцэцэг танд уран бүтээлийн амжилт
хүсье. Номын хур арвин байх болтугай.
Г.Даша