Нэгдэнэ гэдэгт өмнөдийн 45 хувь нь итгэдэггүй

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Нэгдэнэ гэдэгт өмнөдийн 45 хувь нь итгэдэггүй

Өмнөд Солонгосын иргэдийн 45 хувь нь хойд, өмнөд солонгосыг ирээдүйд нэгдэж нэг улс болно гэдэгт итгэдэггүй буюу нэгэн далбаа нь дор нэгдэх тохиолдолд үүдэн гарах их өртөг зардлыг бодолцон нэгдэх шаардлагагүй гэж үздэг тухай мягмар гаригт нийтлэгдсэн нийтийн санал асуулгын мэдээнд дурдсан байна.

Сөүлийн их сургуулийн профессор Ён Ки-сугийн хийсэн энэхүү судалгаанд “нэгдэх шаардлагагүй”, “одоо хүртэл үргэлжилж ирсэн тогтолцоог хэвээр байлгах нь зүйтэй” гэсэн санал бодолтой хүмүүсийн тоо 1998 онд 17,5 хувь байсан бол 2008 онд 45,3 хувь хүртэл өссөн байна.

Эдүгээ Өмнөд Солонгосын иргэдийн 12 хувь нь нэгдэх хүсэлтэй байгаа бол 1995 онд нийт иргэдийн 58 хувь нь 1950-1953 онд болсон Солонгосын дайны улмаас хоёр хэсэг болон хуваагдсан улс үндэстнээ нэгтгэх бодолтой байжээ.

1980-аад 1990-ээд оны эхээр хоёр солонгосын эдийн засгийн хөгжил, соёлын ялгаа ихэсч, Өмнөд Солонгос нээлттэй эдийн засгийн бодлого явуулж, үсрэнгүй хөгжиж эхэлсэн бол ЗХУ нуран унасны улмаас Хойд Солонгос эдийн засгийн хямралд автаж эхэлсэн ажээ.

Гэвч Өмнөд Солонгосын иргэдийн дунд Хойд Солонгосын иргэдэд гарал угсаа нэгтэй гэж найрсгаар хандах хандлага санал асуулгын явцад тогтоогдсон байна. Хэрэв Хойд Солонгос, АНУ-ын хооронд хөл бөмбөгийн тэмцээн явагдвал хойд солонгосын багийг дэмжинэ гэсэн саналыг судалгаанд оролцсон хүмүүсийн 70 хувь нь өгсөн аж.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж