”Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэхэд маш хэцүү

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

”Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэхэд маш хэцүү

УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаярыг “Ярилцах танхим”-даа урилаа. Тэрбээр “Урт нэртэй” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажилласан билээ.

-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай буюу олны нэрлэснээр “Урт нэртэй” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Байгаль ор­чин, хүнс, хөдөө аж  ахуйн байн­гын хороо өнөө­­­дөр (өчигдөр)-ийн хурал­даанаараа хойшлууллаа. Та ч бас хуулийн төслийг хэ­лэл­цэлгүй хойшлуулах санал өгсөн. Ямар уч­раас өөрийнхөө өргөн барь­сан хуулийн төслийг хойш­луулахыг дэмжсэн юм бэ?

-Ярианыхаа өмнө нэг түүх ярьчих уу?

-Ямар түүх вэ?

-“Урт нэртэй” хуулийг батлаагүй үе л дээ. Нэг өдөр Х.Бат­тулга гишүүн манай өрөөнд орж ирээд “Уул уур­хайн лицензүүдийг хурааж авах нь зөв юм байна. Байгаль ор­чин болохоо болилоо.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүний хувьд чи санал хэлээч” гэсэн. Би ч “Зөв асуудал байна” гэж хүлээн зөвшөөрсөн. Дараа нь Б.Бат-Эрдэнэ аварга бас тиймэрхүү асуудал ярьсан. Би ч дэмжиж байгаагаа хэлсэн. Тэгээд би “Урт нэртэй” хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан. Тэр үед Усны газар болон Ойн газрын мэргэжилтнүүдтэй уулзаж, санал солилцож байлаа. Гэхдээ хууль буруу тал руугаа яваад байгааг ажиглаж хориглох гэж үзсэн ч дэмжлэг аваагүй.

-Тэгвэл та өөрийнхөө ажлын хэсэгт нь орж баталсан хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулалцсан. Ха­рин өргөн барьсан хуулийн төслөөсөө саяхан нэ­рээ татчихлаа. Таныхаар “Урт нэр­тэй” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл бас буруу тал руугаа яваад байна уу?

-Нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд миний хүссэн зүйл ороогүй.

-Та юу хүссэн юм бэ?

-Нэр бүхий зургаан гишүүн “Урт нэртэй” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Тэднээс нэг нь нэрээ татсан. Саяхан би нэрээ хасуулах бичгийг Ж.Батсуурь гишүүнд хүргүүллээ. Миний хувьд тус хуулийн төслийн төр хурааж авсан бүх лицензийг эргүүлж олгоно гэсэн зүйл, заалттай санал нэгдэхгүй байгаа. Харин бусад зүйл, заалтад санал нэгдэж байгаа. Тухайлбал, одоо мөрдөж байгаа хуулиар төр хурааж авсан лицензийнхээ нөхөн төлбөрт хэдэн их наяд төгрөг өгөхөөр болсон. Тийм хэмжээний мөнгө өгөх боломж Монголын төрд байхгүй. Үүнээс гадна уул уурхайн компаниуд арилжааны банкнуудаас их хэмжээний мөнгө зээлсэн. Гэтэл барьцаанд байгаа лицензийг нь төр авчихаар банкны салбар оршин тогтнох нь эргэлзээтэй болно. Тэгэхээр Монгол Улс эдийн засгийн хүнд цохилтод орно. Мөн лицензээ хураалгасан Монголын компаниудын заримынх нь үйл ажиллагаа бараг зогсч байгаа. Тэгээд ч олборлолтынхоо 80-90 хувийг хийчихсэн компаниудын лицензийг аваад яах юм бэ. Нэг талдаа лицензээ хураалгасан компаниуд хохирно. Ард нь монголчууд л ажилгүй болж үлдэнэ. Нөгөө талд ашигт малтмалыг нь олборлоод дуусч байгаа компаниудад төр их хэмжээний мөнгө өгч хохирно. Иймд үйл ажиллагаа нь дуусах дөхөж байгаа Монголын компаниудын лицензийг буцааж өгөх ёстой.

-Уул, уурхайн ком­паниуд нөхөн сэргээлт хийлгүй байгаль орчин сүйтгэснээс “Урт нэртэй” хуулийг баталсан гэж санаачлагчид нь мэдэгдсэн. Гэтэл компаниудад ямар нэг шаардлага тавилгүй лицензийг буцааж өглөө гэхэд үлдсэн  ашигт малтмалаа олборлочихоод өөр талбай руу нүүчихдэг жишиг давтагдах юм биш үү?

-Уул, уурхайн олонхи компанид олборлосон тал­байдаа мэргэжлийн түвшинд нөхөн сэргээлт хийх мэдлэг болон техник технологи байхгүй. Алт ухдаг хүмүүс нөхөн сэргээлт хийнэ гэж юу байхав. Тиймээс хүний нүд хуурах төдийхөн мод тарчихаад хүлээлгэж өгөөд орхидог. Гэтэл өнөөх мод нь ургадаг ч үгүй. Тиймээс уурхайчид алтаа авчихаад олборлосон газраа зүгээр л орхичих нь зөв.

-Тэгвэл хэн нөхөн сэргээлт хийх юм бэ?

-Нөхөн сэргээлт хийдэг компанийг Засгийн газар байгуулмаар байна. Японууд нөхөн сэргээлт хийхэд маш сайн туршлагтай шүү дээ. Уурхайчид Засгийн газрын байгуулсан тухайн компанид мөнгө төлөөд нөхөн сэргээлт хийлгэдэг тогтолцоотой болмоор байна. Би ийм саналтай байгаа учраас байнгын хорооны хурал дээр хуулийн төслийг хойшлуулах санал өглөө. Гэхдээ лицензүүдийг бүгдийг нь хураах ямар ч боломжгүй. Эдийн засгийн хямралаа арай гэж давах нь гэтэл уурхайчдад өгөх хэдэн их наяд төгрөгийн өрөнд орох байдалд Монголын төр орлоо. Тиймээс нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг тал талаас нь судалж байгаад УИХ-аар дахин хэлэлцүүлэх биз.

-Засгийн газраас хураахаар мэдэгдээд байгаа 254 лицензийн нөхөн төлбөрт өгөх 3-4 их наяд төгрөгийг энэ жилийн төсөвт суулгаагүй. Энэ мөнгийг хаанаас олох боломжтой бол?

-Ийм их мөнгө төсөвт суулгаагүй. Суулгах боломж ч байхгүй. Ер нь компаниудад өгөх мөнгөний тооцоо ч нарийн гараагүй. Үүнд төр буруутай. Яагаад гэвэл “Алт” хөтөлбөр баталж иргэдийг “Алт ухаач” гэж уриалчихаад үйл ажиллагаа нь жигдэрч байгаа компаниудад гэнэт “Алт ухахаа боль” гэж тулгаж байна. Гэтэл уурхайчид найз нараасаа, банкнаас мөнгө зээлж алт ухахад хөрөнгө оруулчихсан байгаа. Ашгаа хүртэхийн даваан дээр нь төр лицензийг нь хураачихаад оруулсан хөрөнгөөс нь хэд дахин бага мөнгө өгнө гэвэл хэцүү. Нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхчихсэн хүнд гурван сая төгрөг өгчихөөд “Авбал ав. Авахгүй бол хохь нь” гэж байгаа хэрэг.

-Таны хэлснийг тө­рийн төмөр нүүр гэх үү, дарангуйлал гэх нь зөв үү?

-Алинаар нь ч хэлж болно. Гэхдээ төрийн бодлогын алдаа гэх нь зөв. Уг нь төр иргэдээ ажилтай, мөнгөтэй болгох гэж “Алт” хөтөлбөр баталсан. Дараа нь зарим гишүүн байгаль орчноо хамгаалъя гэж хуулийн төсөл боловсруулж баталлаа. Миний хувьд байгаль орчноо хамгаалах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ зөв бодлогоор хамгаалах учиртай.

-Монголбанкны мэ­дэгд­­сэнээр хурааж авах 254 лиценз нийтдээ 160 тэрбумаар тооцогдох зээ­лийн барьцаанд бай­гаа. Бүх лицензийг буцааж өгөхгүй бол банкны салбар ганхах юм биш үү?

-Тиймээс “Урт нэртэй” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан гишүүдийг буруутгаж болохгүй. Зарим гишүүн “Ард түмнээ бодох уу, уул уурхайн компаниудад найр тавих уу” гэсэн сонголт тулгаад байна. Компаниудын ард ч иргэд байгаа. Тиймээс иргэнээ бодох уу, газар нутгаа бодох уу гэдэг асуулт гарч ирнэ. Аль алийг нь бодоод зохицуулалт хийх ёстой. Тэгэхгүй бол уурхайчид “Бид лицензээ хуулийн дагуу барьцаалаад зээл авсан. Тиймээс зээлээ төлөхгүй” гэвэл яах вэ.

-“Урт нэртэй” хуулийг санаачилсан Б.Бат-Эрдэнэ ги­шүүн “Энэ хуулийг хэ­рэг­­жүүлэх гэж Засгийн газар хуруугаа битгий хэл  хумсаа ч хөдөлгөөгүй” гэж хатуу мэдэгдсэн. Хариуд нь Л.Гансүх сайд “Засгийн газар бүх хүчээ дайчилж байна. Зөвхөн хилийн зааг тогтооход 500 сая төгрөг зарцуулсан” гэж учирлалаа. Ер нь “Урт нэртэй” хууль хэрэгжих боломжтой юу?

-Хэрэгжүүлэхэд маш хэцүү хууль. Нөхөн олговор олгох асуудал дээр л гэхэд гацчихаад байна. Би УИХ-д сонгогдсоноосоо хойш олон хуулийг завхруулж байгааг харлаа.

-Байнгын хорооны ху­рал дээр Д.Энхбат гишүүн уурхайчидтай уулзаж ярил­цах санал гаргаж байсан. Уурхайчид ч төрийн тү­шээдийг хэлэлцээрийн ши­рээний ард уриад удаж бай­гаа. “Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулахаас өмнө төр, хувийн хэвшлийнхэн ойлголцож болдоггүй юм уу?

-Хувийн хэвш­лийн­хэнтэй уулзах нь зөв. Би нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байсны хувьд олон хүнтэй уулзсан. Уурхайчид зовлонгоо ярьж байна. Иргэд гол мөрөн ширгэж байгааг учирлаж байна. Ер нь гол, мөрөн юунаас болж ширгээд байгааг нарийн тогтоох нь зөв.

-Та нарыг “Мөнгөтэй компаниудын лоббигоор хуулийн төсөл боловс­руулсан” гэж дүгнэх гишүүд байгаа. Танд хуулийн төсөл боловсруулах санал тавьсан уурхайчид бий юү?

-Тийм зүйл байхгүй. Ажлын хэсэгт ажиллаж байхдаа бүх талын хүмүүстэй уулзах шаардлага гардаг.

-Гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд “…хуульд заасан талбайд лиценз олгохыг хориглоно” гэснийг “хязгаарлана” гэж сольсон байна лээ. Ингэж үг сольсноор “Урт нэртэй” хууль хэрэгжих боломж байна уу?

-Ерөнхийлөгч лиценз олгохыг хориглосон байгаа. Тиймээс олон талаас нь харах нь зөв.

-Тэгэхээр “Урт нэртэй” хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан ч одоогийн га­цаанаас гарахгүй юм биш үү. Түүнийхээ оронд шинэ хуулийн төсөл санаачилж болохгүй гэж үү?

-“Урт нэртэй” хууль болон нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хоёрын ажлын хэсэгт ажиллаж байсны хувьд хэлэхэд зөв бодолтой, суурьтай хандах ёстой.

-Дотоодын ком­паниудын лицензийг ол­гочихвол Монголд үйл ажиллагаа явуулж бай­гаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд яах вэ. Тэд асуудал үүсгэвэл ма­най улсын нэр хүнд унах юм биш үү?

-Монголын бизнесийн нэр хүнд унана. Тиймээс л зөв зохицуулалт хийх ёстой гэж давтаж хэлээд байна. Болж өгвөл алтаа олборлоод дуусч байгаа компаниудын лицензийг буцааж өгөх ёстой. Харин ажлаа эхлэх гэж байгаа компаниудын лицензийг буцааж өгөх шаардлагагүй.

-Тэгвэл хөрөнгө оруулаад олборлолтоо эхэлсэн компаниудыг яах ёстой вэ?

-Үүнд ч анхаарах ёстой. Байгаль орчин яаж сүйтгэсэн гэдгээс эхлээд олон талын нарийн судалгаа хийх ёстой.

-Хоёр жил хэрэгжээгүй “Урт нэртэй” хууль хэзээ зөв гольдролдоо орох бол?

-Өнөө, маргааш ший­дэгдэхгүйг баттай хэлнэ. Мар­гаан цаашдаа үргэлжлэх байх. Би өөрийгөө эх оронч хүн гэж боддог. Тиймээс ч хувийн бизнестээ “Эх орон” гэдэг нэр өгдөг. Гэхдээ эх орноо яаж, зөв хамгаалах вэ. Иргэдийнхээ амьжиргааг яаж дээшлүүлэх вэ гэдгийг сайн бодох ёстой.

-Ярилцсанд баярлалаа.
 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж