Уурхайнуудын хувьцааны үнэ өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Уурхайнуудын хувьцааны үнэ өсчээ

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн жи­лийн арилжааны дүнгээр дэлхийн топ-уудын дээгүүр жагсч, амжилттай ажилласан биржээр тодорсныг bloomberg онцолж байв. Одоогийн байдлаар Монголын хөрөнгийн бирж дээр 336 компани бүртгэлтэй байна. Үүнээс ердөө 80 орчим нь л хөрөнгийн зах дээр арилжаалагддаг. Тухайлбал, “Женко тур бюро”, “Хөх ган”, “Гермес центр” зэрэг компанийн үнэт цаас хамгийн идэвхтэй нь.

Тэгвэл өнгөрсөн намраас “соц” нийгмийн үед байгуулагдсан уурхайнуудын хувьцааны арилжаа идэвхжиж, ханш нь ч өсөх болжээ. Монгол Улс томоохон ордуудаа ашиглах шийд­вэр гаргаснаар манай ашигт малтмал дэлхий нийтийн анхаарлын төвд орох болсон. Үүнтэй холбоотой юу гэмээр өөрчлөлт хөрөнгийн зах дээр гарч байна. Тухайлбал, үнэ цэнээ алдаж, өр ширтэйгээр олонд танигдсан хууч­ны уурхайнуудын хувьцааны ханш энэ өвөл суга өсөв. Үүнд, Шарын гол, Шивээ-Овоо, Багануур, Могойн гол, Баянтээг, бас Таван­толгойн уурхайнуудын үнэт цаас багтаж байна. Хувьцааны өсөлтийг илэрхийлэх цөөн тоо баримт сонирхуулъя.

Арилжааны түүхийг сөхөж өнгөрсөн оны эхний сарын арилжааны мэдээнээс харахад “Адуунчулуун” хувьцаа 450 төгрөгийн үнэтэй байжээ. Харин дөрөвдүгээр сарын 27-ны арил­жаагаар 1010, есдүгээр сарын 18-ны арил­жаагаар 4000, арванхоёрдугаар сарын 1-ний арилжаагаар 8000 төгрөг болж өссөөр өдгөө 20 490 төгрөгийн ханштай болоод байна. Энэ нь ердөө жилийн дотор тус хувьцааны үнэ 45 дахин өссөн гэсэн үг юм. Тэгвэл хамгийн сүүлийн арилжаагаар “Шарын гол” хувьцаа 20 000 төгрөг, “Багануур” хувьцаа 25 500 төгрөг, “Шивээ-Овоо” хувьцаа 30 475 төгрөг, “Баянтээг” хувьцаа 21 155 төгрөгийн үнэтэй байлаа. Нүүрсний уурхайн хувьцааны ханшийг “Тавантолгой” ХК-ийн үнэт цаас өнгөлж байгаа ба үнэ нь нэг сая төгрөгт хүрээд байна. Хувьцааны үнэ ийн өсч буйг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлах нь бий. Тухайлбал, Монголын баялаг дэлхий нийтийн анхаарлыг татаж гадны хөрөнгө оруулагчид орж ирж байгаатай холбоотой гэх. Ялангуяа “Шарын гол”-ын уурхайд америкчууд хөрөнгө оруулалт хийж байгаа, “Шивээ-Овоо”-гийн уур­хайг түшиглэн цахилгаан станц барьж урд хөрш рүү экспортолно гэсэн мэдээллүүд хувьцааны үнийн өсөлтөд ташуур өгчээ. Тэгвэл “Багануур”-ын уурхай дахин 70 жил ашиглах нөөцтэй, дэд бүтэц сайтай гээд бодохоор мөн л эрэлт ихтэй, өндөр үнэлгээтэй байх аж. Мөн та дараах графикаас “Шарын гол”,“Багануур”, “Могойн гол” хувьцааны үнэ өнгөрсөн оны эхнээс хэрхэн хэлбэлзсээр өнөөдрийн үнэд хүрснийг хараарай. Өнгөрсөн оны эхэнд 1899 төгрөгийн үнэтэй байсан “Шарын гол” үнэт цаас өдгөө 20 000 төгрөгт хүрсэн нь жилийн дотор бараг 10 дахин өссөн дүнтэй байгаа юм.

Монголын хөрөнгийн бирж ТОП-20 индексийн сагсыг хагас жилд нэг удаа тогтоодог. “Үнэт цаасны индекс тооцох тухай” журмын дагуу үнэт цаасны зах зээлийн гол үзүүлэлт болох ТОП-20 индексийн сагсыг хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сард шинэчилсэн юм. Шинэчилсэн сагсанд 2010 оны сүүлийн хагас жилийн байдлаар зах зээлийн үнэлгээ болон өдрийн дундаж гүйлгээгээр тэргүүлэгч 20 компани багтаж, жагсаалтыг “Багануур”, “Шарын Гол”, “Таван Толгой” тэргүүлж, харин “Адуунчулуун” шинээр орж ирсэн байгаа юм. ТОП-20 индекс оны эхний өдрөөс тогтмол өссөөр нэгдүгээр сарын 21-ний өдрийн арилжаагаар 17,431.5 нэгж хүрч түүхэн дээд амжилтаа тогтоосон юм. Энэ нь оны эхнээс 18,6 хувиар өссөн үзүүлэлт байв. Тэгвэл индексийн өсөлт одоо ч үргэлжилж байна, өчигдрийн арилжаагаар Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 25509.44 нэгж болсон нь өмнөх өдрөөс 88.65 нэгжээр буюу 0.35 хувь өссөн байлаа. Түүнчлэн Монголын хөрөнгийн биржийн арилжаа он гарсаар эхний хагас сарын арилжаагаар ТОП-20 индекс түүхэн дэх дээд рекорд тогтоосон бол зах зээлийн үнэлгээ 2.4 их наяд төгрөгт хүрсэн амжилтаар туулай жилтэй золгож байна.

Тус биржийн гүйцэтгэх захирал Р.Содхүү Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албыг авснаар түүний орыг түр хугацаагаар биржийн тэргүүн дэд захирал Х.Алтай залгах болсон юм. Мөн Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах болж, удахгүй хоёр дахь гэрээг үзэглэх гэж байгаа. Төлөвлөгөө ёсоор бол дөрөвдүгээр сарын 20-нд энэ гэрээг байгуулах юм. Гэхдээ англичууд гэрээ байгуулах ажлыг шуурхайлж энэ сардаа багтаах тухай дуулдах болсон. Мөн хамтран ажиллах гэрээний хүрээнд Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлыг Лондонгийн талаас томилохоор хоёр тал тохиролцсон. Тэгэхээр хэн нэг Жон, Жорж Монголын биржийг удирдах нь ээ. Мөн энэ дашрамд Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийг “Ньюком”-ын гэх тодотголтой Б.Болд удирдах болсныг нэмж хэлье.

ТОП-20 сагсан дахь компаниуд

   1. Багануур
   2. Шарын Гол
   3. Таван Толгой
   4. Говь
   5. А.П.У
   6. Би Ди Сек
   7. Шивээ Овоо
   8. Хөх Ган
   9. Монголиа Девелопмент Ресорсес
   10. Улсын Их Дэлгүүр
   11. Могойн Гол
   12. Монголын Цахилгаан Холбоо
   13. Улаанбаатар Зочид Буудал
   14. Женко Тур Бюро
   15. Баянгол Зочид Буудал
   16. Ремикон
   17. Махимпекс
   18. Ээрмэл
   19. Дархан Нэхий
   20. Адуунчулуун багтсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж