Ж.Лхамхүү театртаа ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Ж.Лхамхүү театртаа ажиллаж байна

Драмын эрдмийн театрын хамт олон өчигдөр ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм. Жил бүр энэ л гэгээн сүмийнхээ алтан тайзнаа дүрээ мөнхлөн хүч, оюунаа дайчлан хөдөлмөрлөсөн ахмадууд театрын тайзнаа дахин учран золгодог билээ. Театрын гурван үеийн уран бүтээлчид уулзан золгох сайхан мөчийг ахмадууд маань сэтгэл догдлон хүлээж байдгаа ч хуучилсан юм. Тайз, дэлгэцийн 200 гаруй дүр бүтээж, СУИС-д багшлан олон арван шавь төрүүлсэн ардын жүжигчин Ж.Лхамхүү гуайтай уулзлаа. Тэрбээр өнгөрсөн жил 70 насны ойн тайлан тоглолтоо энэ л театрын алтан тайзнаа хийн уран бүтээлээ дэлгэн, “Ариун сүмийн босго өндөр” дурсамж номоо хэвлүүлсэн юм. Тэрбээр “Манай театр уламжлал болгон жил бүрийн цагаан сараар ахмадууддаа залуучуудтайгаа хамт олноор нь хүлээн авч, залуучууд нь ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг. Энэхүү үйл ажиллагаанд нь ахмад бид сэтгэл өндөр байна. Гарч байгаа туулай жилдээ театрын маань 80 жилийн ой болно. Энэ ойдоо их зүйлийг хийж байгаа. Миний хувьд ч гэсэн өнгөрсөн бар жилдээ өөрийнхөө тайлан тоглолтоо хийж, номоо бичсэн, Оюун багшийнхаа шагналыг хүртсэн сайхан жил боллоо. Дараагийн 80 жилийн ойг угтаж хийх ямар л ажил байна тэр бүхэнд нь оролцохоос гадна, өөрийнхөө төгсгөж байгаа ангийнхаа дипломын хоёр жүжгийг тавихаар театр дээрээ дадлагын ажилдаа гарчихсан ажиллаж байна” гэж ярьж байлаа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж