
Монголын олимпийн боксын холбооны VIII бага хурал энэ сарын 13-нд “Говь” цогцолборт болох гэж байна. “Лондон-2012” зуны олимпийн наадам хаяанд ирсэн энэ үед тамирчид олон улсын уралдаан, тэмцээнээс олимпийн эрхийн оноогоо авах ёстой, дээр нь энэ жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй учир Монголын ширэн бээлийтнүүдийн хувьд 2011 он чухал байх нь гарцаагүй. Тийм ч учраас энэ удаагийн ээлжит бага хурлаар 2011 онд хийх ажлын төлөвлөгөө, тэмцээн, уралдааны төлөвлөгөөг батлахаас гадна тамирчдын амжилттай салшгүй холбоотой холбооны бүтэц, зохион байгуулалтын талаар мөн хэлэлцэх ажээ. Түүнчлэн Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганзоригт албан ёсоор холбооны тамга, тэмдгийг хүлээлгэн өгөх юм. Сануулахад, шинэ оны өмнөхөн буюу 2010 оны арванхоёрдугаар сарын 21-нд болсон Монголын олимпийн боксын холбооны Удирдах зөвлөлийн хурлаар тус холбооны гишүүн, дэмжигчдийн 100 хувийн саналаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганзоригийг холбооны ерөнхийлөгчөөр сонгосон билээ.
С.Цэлмэг