Анчелотти Торресийг өмөөрөв

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Анчелотти Торресийг өмөөрөв

Английн Премьер лигийн “Челси” клубын менежер Карло Анчелотти 50 сая фунт стерлинг төлж, багтаа авчирсан довтлогч Фернандо Торресийг өмөөрч, сэтгэгдлээ хуваалцсан байна. “Будант Албьон”-ы хөлбөмбөгийн түүхэнд рекорд үнээр “Челси”-гийн бүрэлдэхүүнд багтах болсон Торрес цэнхэр өмсгөлтэй анхны тоглолтоо хуучин баг “Ливерпуль”-ийн эсрэг хийсэн бөгөөд тус тоглолтод Торрес тийм ч сайн байгаагүй. Лондонгийн угсаатнууд талбайдаа 1:0-ээр ялагдал хүлээж, Торрес хоёр ч удаа гоолын боломж алдсан төдийгүй 65 дахь минутад сэлгээний суудалд шилжсэн билээ. Улмаар “Цэнхрүүд”-ийн ч тэр, Мерсисайдын “Улаануудын” ч тэр, аль алиных нь фанатуудын шүүмжлэлд ихээр өртөх болсон түүнийг Анчелотти өмөөрч, уужуу тайван хандахыг хүссэн гэнэ. Шинэ багийнхаа бүрэлдэхүүнд ердөө гуравхан хоног бэлтгэл хийсэн “Алтан жаал” тун удахгүй шилдэг тоглолтоо үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр нуусангүй. Ноён Анчелотти “Торрес сайн тоглосон шүү дээ. Гэхдээ Ливерпуль маш сайн хамгаалж байсан болохоор бидэнд гоолын зай завсар олоход хүнд байлаа. Тэд хойноо гурван хамгаалагч гаргасан нь бидэнд довтлох боломж олгоогүй” хэмээжээ. Тэрбээр мөн “Торрес бол туршлагатай, өөртөө итгэлтэй тоглогч. Тоглолтын өмнө ямар нэг байдлаар асуудал үүсгэж, сандраагүй. Баяртай байсан. Түүнд шинэ багтайгаа нэгдэх хүртэл хугацаа өгөх хэрэгтэй гэж бодож байна. Богино хугацаанд чадвараа харуулж чадна” гэжээ.

“Ливерпуль”-д хожигдсоноор “Цэнхрүүд” лигийг тэргүүлэгч “МанЮ”-гаас 10 оноо дутуу дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Гэхдээ цаашид Торрес болон Дэвид Луиз нарыг яван чангарна гэдгийг тэр онцолжээ. “Бидэнд гайхалтай тоглогчид, ур чадвар байна. Хүнд тоглолт байсан, бид мэдээж урам хугарсан. Гэхдээ Фернандо Торрес, Дэвид Луиз нар хоёул багийн ирээдүй болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн Анчелотти ярьжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж