
аймгийн Онгон сумын уугуул, Зэвсэгт хүчний 142 дугаар анги, “Энгүүн
тал” компани, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Шарын
Мөнгөнбаатар түрүүлсэн. Энэхүү амжилтыг үнэлж өнөөдөр Батлан хамгаалах
яамны удирдлагууд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр УИХ-ын
гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд “Юуны өмнө сар шинийн бөхийн
барилдаанд түрүүлж, амжилт гаргасан Зэвсэгт хүчний 142 дугаар анги,
Үлгэр жишээ үлээвэр найралын хөгжимчин, дэд ахлагч Ш.Мөнгөнбаатартаа
баяр хүргэе. Аливаа улс орны Зэвсэгт хүчний салбар биеийн тамир,
спорттой салшгүй холбоотой байх учиртай. Цэрэг эрсийн ур чадвар сайн
байна гэдэг Зэвсэгт хүчин ямар төвшинд бэлтгэгдэж байгааг илтгэж байгаа
хэрэг. Энэ үүднээс салбарын нэр хүндийг өндөрт өргөж яваа цэрэг эрс,
албан хаагчдынхаа цаашдын бэлтгэл сургуулилтад байнга анхаарах болно”
гэдийг онцолж байлаа. Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга, дэслэгч
генерал Ц.Бямбажавын 201 тоот тушаалаар дэслэгч цол олгож, өнөөдрөөс
эхлэн Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн салаан захирагч албанд томиллоо.
Ш.Мөнгөнбаатартай дэслэгч цолоо гардаж авах үеэр сэтгэгдлийг нь
хуваалцлаа.
-Сар шинийн бөхийн барилдаанд амжилттай барилдсан амжилтыг тань Зэвсэгт
хүчний салбараас үнэлж, дөнгөж сая дэслэгч цол олголоо. Шинэхэн
дэслэгчид баяр хүргэе!
-Баярлалаа. Юуны өмнө намайг төрүүлж өсгөсөн аав ээждээ, нутгийн зон
олондоо талархал илэрхийлэх нь зүйтэй байх. Миний гаргасан амжилт бүхний
цаана Зэвсэгт хүчний 142 дугаар анги, “Алдар” спорт хороо, “Жавхлант”
бөхийн дэвжээний хамт олны дэм тус маш их юм.
-Шинэхэн цол, шинэ албан томилгоо таныг хүлээж байна. Цэргийн амьдралд хэдийнээс хөл тавьсан вэ?
-Спортын салбарт гаргасан өчүүхэн амжилтыг маань Батлан хамгаалах яам,
Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд үнэллээ. Цаашид гаргасан
амжилтаа ахиулах, даалгаж өгсөн ажлыг нэр төртэй биелүүлнэ. Зэвсэгт
хүчний салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
-Бөхийн спортоор хичнээн жил хичээллэж байгаа вэ?
-12 дахь жилдээ хичээллэж байна. 2003 онд аймгийн наадамд барилдаж,
аймгийн арслан хүртсэн. 2004 оноос эхэлж Улсын наадамд барилдаж эхэлсэн.
Ихэнх тохиолдолд дөрвийн даваанд хүрээд, бүдэрдэг байлаа.
-Бэлтгэл сургуулилтаа хаана хангасан бэ?
-Сүхбаатар аймгийн “Жавхлант” бөхийн дэвжээнд бэлтгэл сургуулилтаа
базаасан. Нутгийн бөхийн дэвжээ энэ жил ивээлээ хайрлаж байна гэж бодож
байна. Манай дэвжээнд 70 орчим залуучууд байнгын бэлтгэл сургуулилт
хийдэг. Цаашид ч энэ дэвжээн дээр бэлтгэлээ хангаж, улсын цол авахын
төлөө л барилдана даа.