Бөртэ хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ: Би 100 хувь гэсэн ойлголтыг зөвхөн нөхрөөсөө мэдэрсэн

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Бөртэ хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ: Би 100 хувь гэсэн ойлголтыг зөвхөн нөхрөөсөө мэдэрсэн

Юуны өмнө танай хамтлагийн талаарх мэдээллээр яриагаа эхлэх нь зүйтэй байх.

За тэгье. Анх бид 1996 оноос эхлэн ардын язгуур урлагаар уран бүтээлээ хийж эхэлсэн. Тэгээд 2000 оноос шинэ стиль, жанр гаргаж ирэх ёстой юм байна гэж ярилцаад жазз урсгалыг тоглох болсон. Жазз урсгал бол Европд маш өндөр хөгжсөн урлаг. Энэ өндөр хөгжилтэй урлагийг үндэснийхээ ятга, морин хуур, мөн бишгүүр, хөөмий, хархираа оруулаад тоглоход  үнэхээр сонирхолтой байсан.

 Бөртэ хамтлагийн хувьд бол яг 10 жилийн түүхтэй. 2000 оны нэгдүгээр сарын 17-нд хамтлагийн хоёр гишүүн маань Германд очиж байсан. Тэгээд бэлтгэл хийгээд 10 хоноод л амьд тоглолтоо тавиад яг тэр тоглолтон дээрээсээ бид CD бичлэгээ хийлгэсэн. Тэр бичлэгийг хүмүүс сонсоод итгэдэггүй. “Та нар амьдаар тоглосон юм уу? Алга ташилт нэмж оруулсан юм уу” гэж гайхдаг. Үнэхээр тэр бол тоглолтноос бичсэн гэхэд маш чанартай CD болж чадсан. Үүний дараа зарим гишүүд маань Америк явах хэрэгтэй болж хамтлагийн уран бүтээл завсардах үе байсан. Яг одооны энэ бүрэлдэхүүнээрээ 2008 оноос эхлэн уран бүтээлээ хийж байна.

-Тоглолт хэр болж өндөрлөв?

     Манай тоглолт их сайхан болсон. Ер нь манай тоглолтонд дандаа л биднийг дэмждэг бас хөгжмийн урлагийг үзэж сонсож, мэдрэхийг хүссэн хүмүүс ирсэн гэж би бодож байгаа.  

-Танай хамтлаг их олон орноор тоглож байсан. Гадаадын үзэгчид Монголын үзэгчдийг харьцуулахад хэр ялгаатай хүлээж авч байна?

Ер нь бол нээх их ялгаагүй ээ. Бид анх 2002 онд эх орондоо ирж тоглолтоо хийж байсан. Тэр үед ч гэсэн бид нарыг сонсохыг, мэдрэхийг хүссэн үзэгчид ирсэн. Бас л хүссэн тоглолтоо үзээд л гарсан гэж боддог. Гадаадынхны хувьд гэвэл маш соёлтой байдаг. Зүгээр нэг шоу тоглолт үзэж байгаа юм шиг ирдэггүй. Хөгжмийг жинхэнэ зүрх сэтгэлээсээ сонсож ойлгодог хүмүүс байдаг л даа. Яг тийм хэмжээний үзэгчид бидний энэ тоглолтон дээр ирсэн болохоор их баяртай байгаа.

-Тоглолтоо дахиж тавих бодол байгаа юу?

Тоглолтын дараа үзэгчдээс маш их санал ирсэн. Бид тоглолтоо хийнэ гэж бодож байгаа. Гэхдээ яг одоогоор бол хэзээ хийхээ товлоогүй байна, учир нь хоёрдугаар сарын нэгэнд  Америк явах гэж байгаа. Ирж байгаад л тоглолтын талаар ярих байхдаа.

– Анх хамтлаг байгуулахад хэцүү зүйлүүд их тулгарч байв уу?

Мэдээж бүх юмны эхлэл амаргүй байдаг. Бидний хамтлаг байгуулж байх тэр үе бүр ч хэцүү үе байсан. Ганаа бид хоёр энэ хамтлагаа байгуулах гэж оюуны хийгээд санхүүгийн их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.  Бид 10 жилийн бүх хөдөлмөр, хөлсөө энэ хамтлагтаа зориулсан гэхэд болно. Мөн хэн нэгэн хүнээс ч юм уу, ямар нэгэн компаниас хандив авсангүй, бас ардын урлагаа олон улсад сурталчилж байна гэж эх орноосоо нэг ч мөнгөний дэмжлэг аваагүй. Өөрсдийнхөө нөөц бололцоог л шавхан зүтгэсэн дээ.

-Монголын язгуур урлагийн Алтан ураг, Хөсөгтөн  зэрэг хамтлагуудаас танай хамтлаг юугаараа ялгаатай вэ?

Хүмүүс үүнийг их сонирхож асуудаг.  Миний бодлоор өөрсдөө үзээд ялгааг нь мэдэрвэл их зүгээр санагддаг.  

-Монголынхоо хамтлаг дуучидтай хамтран уран бүтээл хийх үү?

Хийх бодол байгаа. Сая бид  Эмоушн хамтлагийн тоглолтонд оролцсон. Тус хамтлагийн продюссер Б.Чинбаа маань бид нарт зориулж нэг зохиол хийж өгсөн. Бид тэр зохиолоо “Омогшил” гэж нэрлэсэн.  Энэ зохиолоор клип хийлгэх ч санаа байгаа. Өөр ч  ярьж тохирсон юмнууд бий.

Үүнээс гана би анх Германд байхдаа Монголоос ирсэн нэгэн бичлэгнээс Наран эгчийн хоолойг сонсоод үнэхээр гайхсан. Дууг нь сонсоод л, сэтгэл дотроосоо огшоод “Ямар гайхамшигтай, ямар чадалтай хоолойтой юм бэ” гэж өөрийн эрхгүй бодогдож байсан. Тийм болохоор Наран  эгчтэй хамтарч ажиллах хүсэл байдаг. Монголд ирээд 25-р суваг телевизийн “Их хотын үдэш” нэвтрүүлэгт Наран эгчтэй хамт оролцож байхад бидний тоглолтыг маш сайхан хүлээж авсан. Одоогийн байдлаар яг таг тийм гээгүй ч гэсэн цаашдаа хамтарч ажиллах бодол байгаа.

-Америк явах гэж байгаа гэсэн. Тоглолтоор явах уу?

Дэлхийд эхний гуравт бичигддэг Америкийн Калифорнийн дээд сургууль болон Станфордын хөгжмийн дээд сургуулийн урилгаар манай хамтлаг 10-аад хоногийн хугацаатай явах гэж байна.

-Цагаан сараар эх орондоо байхгүй юм байна даа?

Тийм ээ. Станфордын Хөгжмийн тэнхимээс Бёрклитэй хамтран Монголын соёлын өдрүүдийг энэ удаад Паназийн хөгжмийн наадмын хүрээнд нэлээд өргөн хэмжээнд зохион байгуулж байгаа.

-Танай хамтлагаас гадна өөр ямар уран бүтээлчид явах вэ?

Хөгжмийн зохиолч төрийн соёрхолт Б.Шарав,  ДБЭТ-ийн дарга Сэргэлэн, яруу найрагч Г, Мэнд-Ооёо болон бусад урлаг соёлын зүтгэлтэн нар оролцоно. Тэгэхээр энэ бол маш өргөн цар хүрээтэй арга хэмжээ болох юм. Энэ нь Америк, Монголын соёлын харилцаанд асар том ач холбогдолтой үйл ажиллагаа болно гэж бодож байгаа.

-Таны хувьд хамтлагаасаа гадна ганцаарчлан олон л тоглолтод орсон байх. Хамгийн их сэтгэл догдолж, сандарч байсан тоглолтынхоо дурсамжаас хуваалцаач.

Ер нь бол сэтгэлд хоногшсон тоглолтууд зөндөө л байлгүй яахав. Би жирэмсэн байхдаа ч гэсэн тоглолтонд оролцож байсан. Сэтгэл хөдөлгөсөн, догдолсон зүйл их л байдаг. Харин хамгийн өндөр чадвар шалгасан тоглолт бол дэлхийд нэрээ гаргасан Германы Штутгартын симфони оркестортой Төрийн соёрхолт Жанцанноровын ятгын концерт тоглосон. Энэ тоглолтод оролцох гэж байхдаа их догдолж байлаа. Европын нэр хүндтэй симфони оркеструудтой гоцлол бүтээл тоглоно гэдэг бол баргийн гоцлооч хөгжимчдөд тохиох аз завшаан биш. Миний хувьд европын дөрвөн оркестортой хамтарч тоглосон.  

-Ятгаас өөр хөгжим тоглодог уу?

 Үгүй. Цорын ганц мэргэжилтэй хүн шүү дээ. Бидний үед Хөгжим Бүжгийн Дунд Сургууль нэг л мэргэжлээр төгсгөдөг байсан. Харин сүүлийн үед хос мэргэжлээр төгсгөдөг болсон байна лээ.

-Та гарын шавьтай юу?

Би ноднин жил Хөгжим Бүжгийн Коллежид багшилж байсан. Харин одоо манай хамтлагийн ачаалал  их байгаа учраас багшлахгүй байгаа.  Надад “Таниар хичээл заалгахыг хүсч байна” гэсэн маш олон санал ирсэн. Хөгжмийн бус хүүхдүүд ч гэсэн заавал мэргэжлийн болохгүй ч таниар хичээл заалгамаар байна гэдэг. Ер нь ажил амьдрал жигдрээд сул чөлөөтэй болохоороо сайхан шавь нартай болно. Гэхдээ тийм их биш яг ирээдүйтэй, хүсэл тэмүүлэлтэй шижгэнэсэн хэдэн шавьтай болох хүсэл байгаа.

-Та гэр бүлийнхээ талаар танилцуулаач?

Яг үнэнийг хэлэхэд хүн авъяастай чадалтай байж болно. Гэхдээ аливаа юм болгон 100 хувь байдаггүй шүү дээ. Харин  би 100 хувь гэдэг ойлголтыг ханиасаа олж мэдэрч, амьдарч байгаадаа үнэхээр баяртай байдаг. Бурхан яг бид хоёрыг учруулах гэж л учруулсан гэдэгт би итгэдэг. Бидний амьдралд юу ч тохиолдсон би нөхөртөө загнуулж ч үзээгүй. Дандаа урмаар тэтгэгдэж явсан. Энэ бол миний хувьд амьралаас авсан хамгийн нандин, эрхэм аз жаргал юм даа. Хүмүүс тэнэг хүн нөхрөө магтдаг гэдэг шүү дээ. Миний хувьд нөхрийгөө магтаад ч дуусахгүй. Бид одоо хоёр хүүхдийн эцэг эх. Манай том охин дөрвөн настай, бага хүү маань гурван настай.

 -Ийм их ажлын ачаалалтай үед хүүхдүүдийг тань хэн асардаг вэ?

  Хэрвээ бид гадаадад байсан бол заавал нэг асрагч авч таарна. Гэтэл эх орондоо би дураараа хөдөлмөрлөөд, дураараа уран бүтээлээ хийгээд явж чадаж байна. Тэр бололцоог ар гэрийнхэн маань хангаж байгаа юм л даа. Аав ээж, эгч дүү нар маань бид хоёрын ард бат зогсож чаддаг.

-Хоёр хүүхдээ хөгжмийн мэргэжилтэй болгох бодол байгаа юу?

Хэрвээ үнэхээр авъяас, сонирхол байгаад хүүхдүүд маань өөрсдийгөө дайчлаад чиглүүлж чадах юм бол хөгжмийн мэргэжилтэй болгоход татгалзах юм байхгүй. Харин сонирхолгүй, мэдрэмжгүй байх юм бол би хүчлэхгүй. Хүүхдүүд маань өөрсдийнхөө сонирхлоор амьдралынхаа замыг сонгох ёстой.  Би ятга, ятга гэж яваад энэ амьдралыг олсонтой ялгаа байхгүй.

-Би “Ням гараг” сэтгүүлээс таны нөхрийн өгсөн ярилцлагыг уншиж байсан. “Би Азийн ятгын хатан хааныг эхнэрээ болгож авсан” гэсэн байсан

  2001 онд Малайз улсад болсон олон улсын фестивальд манай хамтлаг очиж тоглосон. Уг наадмыг сурвалжилсан сэтгүүлч нар төдийгүй зарим цахим интернэтд “Ятгын хатан хаан” гэж гарчиглаад миний талаар олон нийтлэл гарсан байсан. Энэ нь миний яг гардаж авсан шагнал биш ч олон улсын урлагийн зах зээл дээр миний чадварыг үнэлсэн үнэлэмж юм.

-Өнгөрсөн намар Гуанг-Жоуд болсон Азийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцоод ирсэн. Энэ талаарх сэтгэгдэлээ хуваалцана уу?

Бидний оролцсон үйл ажиллагаа бол Хятадын  Шинь-Ченийн симфони оркестортой хамтарсан хоёр цагийн тоглолт байсан. Энэ тоглолтонд Азийн олон орны уран бүтээлчид оролцсон. Манай хамтлаг Хятадын өмнөхөн тоглосон. Үзэгчид бусад орнуудын тоглолтоос илүүтэйгээр, манай тоглолтыг маш сайхан хүлээж авсан.  

-Говь клипийг хаана хийсэн бэ?

Аан, ерөнхийдөө манай спонсороор “Оюу Толгой” компани ажилладаг. Саяны болсон тоглолт бичлэг бүх л юман дээр тус компани хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд энэ говь клипийг спонсорлосон.  Анх Говь бүтээлийг бид 2003 онд хийж байлаа. Энэ клипэнд маш их хөрөнгө, хүч зарсан. Хоёр, гурван зураг авалт хийсэн. Тийм ч ойрхон газраар яваагүй. Хонгорын элс рүү хөгжмөө үүрээд бүтэн гурван цаг алхаж, хөлсөө урсган байж орой дээр нь гарч зургаа авч байсан гэж бодохоор энэ бол их үнэтэй бүтээл. Оскарт нэр дэвшиж байсан найруулагч Д.Бямбасүрэнгийн “Ингэн тэмээний нулимс” киноны хөгжим шүү дээ. Энэхүү бүтээлийг хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн “Тэмээчин ээж” дуунаас сэдэвлэн манай нөхөр найруулсан.

-Америкт болсон олон улсын кино наадмаас таны нөхөр “Шар нохойн там” киноны хөгжмийн бүтээлээр шагнал авсан гэж сонссон. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

Тийм ээ. Уг наадмыг Оскарын өмнөх сорилт гэж ойлгож болно. Оскарт нэр дэвших бүтээлийн амжилтын өнгийг Хамптоны их наадмаас шинжиж болно гэж учир мэдэх хүнээс сонсож байсан. Энэ наадмын “Киноны шилдэг хөгжим”-ийн шагналыг миний хань авсан төдийгүй Германы пянз үйлдвэрлэгчдийн 2005 оны шилдэг бүтээлийн шагналыг бас хүртсэн.

-За баярлалаа. Таны амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье!
За баярлалаа.

Н.Зол

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж