Италийн теннисчид хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Италийн теннисчид хагас шигшээд шалгарлаа

Талбайн теннисний спортын эмэгтэйчүүдийн багийн дэлхийн аварга гэгддэг Fed Cup буюу Холбоодын цомын тэмцээний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо. Өнгөрсөн жилийн аварга Италийн теннисчид Хобарт хотноо Австралийн багийг 4-1 харьцаатай хожсоноор шөвгийн дөрөвт шалгарчээ. Ганцаарчилсан төрлийн эхний тоглолтод багууд нэг, нэг хожил авснаар тэнцээд байсан боловч дэлхийн чансааны №16 Флавия Пеннетта Австрийн Ярмила Гротыг 6-3; 6-2 харьцаатай хожиж, Fed Cup тэмцээнд дараалсан 10 дахь хожлоо авсан бол түүний дараа дэлхийд чансаагаараа дөрөвдүгээрт эрэмбэлэгдээд буй Франческа Скьявоне 7-6; 3-6; 7-5 харьцаагаар Австралийн Саманта Стосурыг буулган авч, нийлбэр дүнгээр цомын эзэд болох Италийн теннисчид 3-1-ээр тэргүүлж эхэлжээ. Улмаар хосын төрөлд Роберто Винчи, Сара Эррани нар Австралийн хослол болох Реннае Стаббс, Анастасия Родионова нарыг 2-6; 7-6; 6-4-өөр хожсон байна.
Италийн теннисчид хагас шигшээгийн тоглолтоо хийхээр ОХУ-ыг зорих бөгөөд ирэх дөрөвдүгээр сард болох хагас шигшээ тоглолтод 2004, 2005, 2007 болон 2008 оны аварга Оросын багтай тоглох юм.
Хойд хөршийн багийн тухайд Москва хотдоо шөвгийн наймын учраа болох Францын багийг хүлээн авч, 3-2 харьцаатай буулган авсан байгаа. Эхний өдөр болсон ганцаарчилсан төрлийн хоёр тоглолтод хоёуланд нь ялагдсан ч дараалан гурав хожсоноор дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан анхны баг нь ийнхүү Оросын теннисчид болсон юм. Хэдийгээр 2-0-ээр ялагдаж, ганц тоглолт алдахад тэмцээнийг орхих байсан ч Оросын теннисчид сүүлийн өдөр гайхалтай тоглолт гаргаж, Мария Шараповаг орлон талбайд гарсан залуу теннисчин Анастасия Павлюченкова 3-6; 6-3; 6-2-оор Ализа Корнег хожсон бол эхний өдөр нь ялагдал хүлээсэн Светлана Кузнецова Виржин Раззаног 6-4; 6-4 харьцаатай хоёр сетэд ялж, алдаагаа залруулсан байна. Ялагчийг тодруулах сүүлийн тоглолтод Павлюченкова, Кузнецова нар хамтран тоглож, Францын хос болох Корне, Жули Койн нарыг 7-6; 6-0-ээр буулган авч, хагас шигшээд өрсөлдөх эрхээ авчээ.
Түүнчлэн Австралийн нээлттэй тэмцээний аварга Ким Клейстерсээр удирдуулсан Бельгийн баг АНУ-ыг 4-1 харьцаатай хожиж, дараагийн шатанд шалгарсан байна. Антверп хотноо эхний өдөр болсон ганцаарчилсан төрлийн хоёр тоглолтод хоёуланд нь ялснаар давуу байдалтай болоод байсан Бельгийн теннисчдээс дараагийн өдөр нь Клейстерс 6-7; 6-2; 6-1-ээр Бетани Маттек-Сэндсийг хожсоноор хагас шигшээд өрсөлдөх эрхээ авсан байна. Улмаар ганцаарчилсан төрлийн сүүлийн тоглолтод Бельгийн Янина Уикмейер 6-2; 6-0-ээр Мелани Оудинг төвөггүй хожсон бол хосын төрөлд АНУ-ын хослол хожсоноор нэр төрийн ганц хожлоо авчээ.
Бельгийн баг шөвгийн дөрөвт Чехийн багтай тоглоно. Чехүүд Братислав хотноо 3-2 харьцаатай Словакийн теннисчдийг хожсоноор хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болжээ. Тэдний хувьд ийнхүү гурав дахь жилдээ дараалан тэмцээний их шөвөгт шалгарч байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж