”Опек” нефтийн үнэд санаа зовохгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

”Опек” нефтийн үнэд санаа зовохгүй байна

Египетийн үймээн, газрын тосны зах зээлийн тогтворгүй байдлыг өдөөсөн нь дэлхийн улс орнуудыг сандаргаж байна. Брент маркийн нэг баррель газрын тосны үнэ түүхэнд хоёр дахь удаагаа 100 ам.доллараас давсан. Түүнчлэн уг түүхий эдийн нөөц хомсдох нь гэх болгоомжлол түгээмэл байна. Эдгээр үйл явдлын талаар тоймлон хүргэе.

ЕГИПЕТИЙН САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ ХААЛГАА НЭЭЖЭЭ

Египетэд нөхцөл байдал уржигдраас харьцангуй тайван болж эхэллээ. Тус улсын цэргийн хүчнийхэн өнгөрсөн бямба гарагт Кайр хотын төв талбайд цугласан  хүмүүсийн үймээнийг бага зэрэг намжааж, үүнтэй зэрэгцээд сөр­гөлдөгч талууд хэлэлцээрийн ширээний ард суухаар болсон байна. Үүнээс улбаалж өнгөрсөн ням гарагаас Египетийн банк, санхүүгийн тогтолцоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлжээ. Египетийн төв банк сүүлийн долоо хоногт анх удаа үүдээ нээж, арилжаа хийсэн байна. Гэхдээ бүх зүйл хэвийн байдалдаа орсон гэвэл үгүй юм. Тухайлбал, “HSBC” банкны Египет дэх 100 гаруй салбараас ердөө ес нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн аж. Олон хоног үргэлжилсэн үймээн самуунаас болж тус улсын аялал жуулчлал зэрэг олон салбар зогсонги байдалд орсон. “Crеdit Agricole” хөрөнгө оруулалтын банкнаас гаргасан тооцоогоор Египет өдөр бүр 310 сая ам.долларын алдагдал хүлээж байгаа юм. Тус улсад эмх замбараагүй байдал харьцангуй тогтворжсоны дараа буюу уржигдраас эхлээд Египет паундын ам.доллартай харьцах ханш суларч, нэг ам.доллар 5.932 Египет паундтай тэнцсэн байна. Түүнчлэн өнгөрсөн сарын 27-ноос хойш үйл ажиллагаа нь зогсоод байсан Египетийн Хөрөнгийн бирж хэвийн ажиллаж эхэлжээ.

Б.ОБАМА СУЭЦИЙН СУВГААС БОЛЖ МЭДЭГДЭЛ ГАРГАВ УУ

Арабын орнууд дахь үймээнээс болж сүүлийн хэдэн өдөр олон улсын Түүхий эдийн биржүүд дээр газрын тосны үнэ өссөн. Энэ нь Египетийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг Суэцийн суваг хаагдах вий гэх болгоомжлолоос үүдэлтэй юм. Суэцийн сувгаар өдөрт 1.1 сая баррель газрын тос тээвэрлэн Улаан тэнгис, Газар дундын тэнгис рүү гаргадаг. Энэ сувгаар дамжуулж Ойрхи Дорнодоос АНУ, Европын орнууд түүхий эд худалдан авдаг. Хэрэв Суэцийн суваг хаагдвал тус бүс нутгийнхан газрын тосны зах зээл рүүгээ хүрэхийн тулд 28 хоног зарцуулах юм. Өөрөөр хэлбэл, олон улсын Түүхий эдийн биржүүд хомсдолд орно гэсэн үг.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама босогчдыг тайван байхыг уриалж, Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубаракийг албан тушаалаасаа огцорч, улс орондоо үүсээд буй эмх замбараагүй байдлыг арилгахыг хүссэн байна. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон “Иргэдийнхээ эрх чөлөөг булааж авсан дарангуйллын засаглал нь өөрөө тогтворгүй байдал бий болгоход хүргэлээ” хэмээн Х.Мубаракийн засаг захиргааг шүүмжилжээ. Үүний цаана огцом нэмэгдэж байгаа газрын тосны үнэ, зах зээлд санаа зовнисон АНУ-ын ашиг сонирхол бий хэмээн зарим ажиглагч тайлбарласан байна.

ЕВРОПЫН ОРНУУД ТЭМЦЭГЧДЭД “ТАЛ ЗАСАВ”

Ойрхи Дорнодын газрын тосны нийлүүлэлт тасалдаж магадгүй байгаа нь Европын орнуудыг ч хүнд байдалд оруулах болов. Өнгөрсөн баасан гарагт Евро бүсийн орнуудын удирдагчид Брюссельд хуралдсан. Энэ үеэр Ойрхи Дорнод болон ОХУ-ын газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтээс Европын орнууд хэт хамааралтай байгааг арилгахын тулд дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй гэжээ. Европын холбоо бол 500 сая хүн, 20 сая компани бүхий хэрэглэгчтэй дэлхийн хамгийн том зах зээл юм. Тиймээс тус бүс нутгийн удирдагчид газрын тосны шинэ нөөц хайж олохын тулд олон их наяд ам.доллар зарцуулахаар төсөвлөж байгаа аж. Харин Египетийн жагсагчдын тухайд тэд мөн л байр сууриа илэрхийлжээ. Германы Гадаад хэргийн сайд Гуйдо Уэстервелле “Египетэд болж буй үйл явдал ардчилсан орон болох замыг нь засч байна. Одоогийн засгийн эрхэнд байгаа хүмүүс хэрэгжүүлж байсан бодлогоо эргэж харах цаг болсныг ард иргэдийнх нь тэмцэл нотолж байна” гэсэн аж. Европын холбооны Гадаад бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Катерин Аштон мөн л Кайрын эрх баригчдыг буруушааж, тэднийг алдаагаа засахыг хүссэн байна. Франц, Их Британи, Испани, Итали тэргүүтэй орны албаны төлөөлөгчид мөн үүнтэй санал нэгджээ. Тэд “анти-Мубарак” хөдөлгөөнийхөнд тал засч, Египетэд шударга сонгууль явуулахыг уриалсан аж. Нэгэн цагт тэд Х.Мубаракийг дэмжигчдийн эгнээнд зогсч байсан. Гэвч асуудал өнөөдрийн энэ хэмжээнд хүртэл хурцадчихаад байхад эдийн засгийн ашиг сонирхлоо бодсон ч тэр, Кайрын төв талбайд жагсагчдыг дэмжих нь зайлшгүй зүйл болжээ.

“ОПЕК” ЯАРАЛТАЙ ХУРАЛДАХГҮЙ

Энэ бүхний эцэст Ойрхи Дорнодын газрын тос олборлогч орнуудын нэгдэл буюу “ОПЕК” ямар байр суурьтай байна вэ. “ОПЕК”-ийн гишүүн орон болох Саудын Арабын газрын тосны салбар хариуцсан сайд Али ал-Найми өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдэгдэлдээ нэг баррель газрын тосны үнэ 75 ам.доллар байвал хамгийн тохиромжтой гэдгийг онцолсон юм. Тийм ч учраас “ОПЕК”-ийн орнууд газрын тосны нийлүүлэлтээ нэмэх төлөвтэй байна. “Голдман Сакс” хөрөнгө оруулалтын банкны шинжээчид үүнийг нотолжээ. Лондонд төвтэй “Barclays Capital”-ын шинжээч Амрит Сен “Газрын тосны эрэлт ихэсч байгаа энэ үед “ОПЕК”-оос үнийн өсөлтийг барихын тулд нийлүүлэлтээ нэмэх хэрэгтэй” гэсэн аж.
Газрын тосны үнэд гарч байгаа огцом хэлбэлзлийг арилгахын тулд “ОПЕК”-ийн орнууд аль хэдийнэ арга хэмжээ аваад эхэлсэн гэж зарим шинжээч дүгнэжээ. Энэ талаар “The Irish Times” сонинд мэдээлсэн байна. Энэ сарын 2-нд Саудын Арабын төрийн мэдлийн “Saudi Aramco” компани ирэх сард нийлүүлэлтэд гаргах газрын тосны үнээ бууруулсан тухай “Bloomberg” мэдээлжээ. “ОПЕК”-ийн орнуудын салбарын сайд нар энэ сарын 22-нд Саудын Арабын Раяадх хотод цуглаж, Олон улсын эрчим хүчний форумд оролцоно. Тэр үеэр Египетийн үймээн самуун намжиж гэмээнэ газрын тосны нийлүүлэлтээ нэмэхгүй бололтой. Харин нөхцөл байдал хурцадвал “ОПЕК”-ийн хэлэлцэх асуудал улам олшрох юм. Гэхдээ газрын тос экспортлогч орнуудын дунд Египетийн үймээн намжиж, Суэцийн суваг хаагдах аюул арилна гэх хүлээлт давамгайлж байгаа бололтой. Ираны газрын тосны салбар хариуцсан сайд Массоуд Мирказеми өнгөрсөн ням гарагт гаргасан мэдэгдэлдээ энэ талаар дурьджээ. Тэрбээр “Нэг баррель газрын тосны үнэ 120 ам.доллар хүрдэггүй юм бол “ОПЕК”-ийн орнууд яаралтай уулзалт зохион байгуулж, түүхий эдийн нийлүүлэлтийн квотоо цуцлах шаардлагагүй” гэсэн байна. Үүний дараа “ОПЕК”-ийн удирдлагын зүгээс газрын тос экспортлогч орнуудын албан ёсны уулзалтыг ирэх зургадугаар сард хийхээр товлосноо зарласан байна. 

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж