Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Хаан ингэж ярьж байна. “Тэд өмнө нь ч ийм л байсан” гэж. 1997, 2000, 2001, 2004, бас 2005 он… Тийм ээ, тэд тийм байлаа. Одоо ч мөн адил. Гэвч МАХН Ардчилсан намтай сөргөлдөж биш, МАХН Ардын намтай мөчөөрхөлцсөнөөр ой санамжийн машин ажиллаж эхлэв. МАХН-ын “толгой” лидер экс МАХН-ын нөлөө бүхий лидерүүдтэй үзэлцэж эхэлснээр энэхүү машин улам хүчтэй ажиллах болов. Тийм ээ, эрх баригчийн суудлаас буусан түүний гарт яс баригчийн тамга оржээ. Тулаан жинхэнэ утгаар эхлэх нь энэ. Намууд биш, лидерүүд зэр зэвсгээ агсч байна.

Гэвч хаана байна вэ, тэр сөрөг хүчин. Ардчилсан намынхан энэхүү орон зайг аль хэдийнэ “сайн дураараа” орхижээ. Харин оронд нь Ардын нам ба МАХН хэмээх угшил нэгт хоёр том сөрөг фракци бий болов. Эрх баригч хүчний дотоодод 10 гаруй жил бугшсан үзэгдэл гаарч, лидерүүдийг нь ашиг сонирхлын өөр, өөр уулзварт аваачих нь тэр. Н.Багабандийн сүр хүчин дор Н.Энхбаярын бяд дутаж, Н.Энхбаярыг хүчирхэгжих цагт Н.Багабандийн нэр нөлөө бүдгэрч байсан нь саяхан. Гэвч цагийн зүү С.Баярын эрин үеийг зааж эхэлмэгц Н.Энхбаярын эзэгнэсэн эрх мэдлийн суудал ганхсан нь ч өчигдөрхөн. М.Энхболдод ч ийм хувь тохиож байв. Тус намд нэгдлээс задралд шилжих үйл явц үргэлжилж байна.  
Н.Багабандийг 1996 онд МАХН-ын дарга болох үед тус нам дахь ихэнх фракци түүнд үйлчилж байв. Харин намдаа “Хоёрдугаар хүн” бу­юу Ерөнхий нарийн бич­гийн даргын албыг хашиж байсан Н.Энхбаяр энэ зуур хүний, өөрийн нам дахь хөдөөгийнхнийг өөртөө ур­вуулс­наар хүчирхэгжих эх­лэлээ тавьсан юм. Ардчилсан холбоо эвслийнхэн сэм хуй­валдаж, М.Энхсайханы тэр­гүүлж байсан Засгийн газрыг огцруулсан нь сө­рөг хүчинд өөрийн гэсэн төлөөлөлтэй болох далим түүнд өгөв.

МҮАН-ын дарга бөгөөд Ардчилсан холбоо эвслийн дарга Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдын албанаас огцруулахад тэрбээр МАХН-аас 25 “цэрэг”-ээ илгээж, М.Энхсайхан нартай хүч хавсарсан удаатай. Ардчилсан хүчнийхний алдаан дээр дөрөөлсөн Н.Энхбаярын эрин үе ингэж эхлэв. Тэр 2000 онд МАХН-ын дарга, бас Ерөнхий сайд боллоо. Улс төр, бизнесийнхний бүх “түлхүүр” түүний гарт оров. Төд удалгүй хөдөөгийнхөн ба хотынхон гэсэн хоёр том фракцийг намдаа бий болголоо. Н.Энхбаярын хяналтад хөдөөгийнхөн орж, хотын фракцийг М.Энхболд толгойлох болов. Энэ хоёр нэгдэл улам томорч “МАХН-ын Бага хурлын гишүүдийн 50 хувь нь Н.Энхбаярынх, 50 хувь нь М.Энхболдынх” гэсэн яриа ч газар авч байлаа. У.Хүрэлсүх тэргүүтэй МАСЗХ, У.Барсболд даргатай “Улаан сарнай-Хөгжил хөдөлгөөн”-ийхнийг ч экс Ерөнхийлөгч энэ үед эрхэндээ оруулж дөнгөсөн юм. Ц.Нямдоржийг “Хятадын тагнуулч”-аар тодруулах акцид Н.Багабандийн фракцийнхан идэвхтэй оролцсон гэдэг шалт­гаанаар тус намын лиде­рүүдийн дунд 2000 онд  ха­гарал үүсч, УИХ-ын дарга агсан Л.Энэбиш, Ж.Бямбадорж нар Н.Багабандийн талыг ба­римтлагчдыг Засгийн газ­рын бүрэлдэхүүнд оруу­ла­хыг эсэргүүцэж байсан тухай яриа бий. Тиймээс Н.Багабандийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2001 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх операци тус намд хүчтэй өрнөж, Н.Энхбаяр сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан билээ. Намынх нь лидерүүдийн дунд үүссэн үл ойлголцол Н.Энхбаярт ийнхүү ашигтайгаар эргэсэн удаатай.

Н.Багабанди, Н.Энхбаяр нарын хувьд улс төр дэх түншлэлийн он жилүүд ард хоцорч, Н.Энхбаяр  ба С.Баярын нөхөрлөлийн түүх эхлэв. Экс Ерөнхийлөгч их өрийг тэглэх зорилгоор Москвад очихдоо Элчин сайд С.Баяртай уулзаж, түү­нийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга болгохоор тохиролцжээ. Хэ­дийгээр фрак­цид нь С.Баярыг эсэр­гүүцэх кандидатууд бай­сан ч Н.Энхбаяр Москва­гаас мөнөөх товарищийг урьж ирүүлэх нь тэр. Тэгмэгцээ УИХ-ын 2004 оны сонгуулийн үеэр МАХН-ын штабыг С.Баяраар удирдуулсан билээ. Ардчилсан намын дарга М.Энхсайхан, МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат нар хамтран “Эх орон-Ардчилал” эвсэл байгуулж, гишүүд нь УИХ-д нэр дэвших квотоос үүдэн зөрчилдөж эхэлсэн цаг үе МАХН-ынханд ашигтайгаар эргэсэн нь тодорхой. Намд нь улс төрийн “хандив” ийнхүү өргөснийх нь төлөө Н.Энхбаяр сөрөг хүчнийхэндээ анх удаа талархал илэрхийлэв. Ардчилсан намын дотоод хямрал дээд цэгтээ хүрч, М.Энхсайханыг Турк руу явсан хойгуур Р.Гончигдорж намын даргын тамгыг эзэмших болсноор хоёр намынхны тохиролцооны нэн шинэ түүх эхэллээ. Ардчилсан намын дарга асан Р.Гончигдорж тухайн үед “УИХ-д “Бүдүүн бүлэг” байгуулахыг эсэр­гүүцсэн хүмүүс сайд на­рыг “намналцаж” явсан. Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газрын мөрийн хөтөл­бөрийг биелүүлэхийн тулд бид 62-ын бүлэг байгуулж бай­лаа. М.Энхсайханы үед ч “Хүчтэй Ардчилсан на­мын төлөө” бүлэгтэй байсан юм. Хожим нь тус бүлгийг “Алтангадас” гэж нэрлэсэн” хэмээн мэдэгдсэн түүхтэй. Ардчилсан нам дахь засаглалын эрх Р.Гончигдорж нарт шилжсэнээр М.Энх­сайхан, Б.Эрдэнэбат нарын байгуулсан “Эх орон-Ард­чилал” эвсэл задарч, МАХН, Ардчилсан намынхны зөв­шилцөл эцэс болов. Ц.Эл­бэгдоржийн танхимыг ч “Эрх зүйн чадамжгүй” гэцгээв.

Н.Энхбаяр ба “Элсний 13” М.Энхболдыг намын дарга, Ерөнхий сайдын албанаас 2007 оны намар огцруулж, С.Баярыг дэвшүүлсэн ч МАХН-ын хоёр лидерийн дунд 2005 онд үүссэн үл ойлголцол үе, үе сэдрэх болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшиж, С.Баяр сонгуулийн штабыг удирдсан юм. Гэвч С.Баярыг нэр дэвшигчийнхээ эсрэг сэм ажилласан гэх хардлага тэр үед газар авсан ч Н.Энхбаяр 53.75 хувийн саналаар ялалт байгуулсан нь эл дуулианыг хэсэгтээ намжаасан. Харин “Н.Энхбаяр хувь улстөр­чийнхөө рейтингээр ялалт байгуулсан. Харамсалтай нь намынхан нь түүний төлөө ажиллаагүй” гэх ойлголт хэвээр үлдсэн нь МАХН-ын лидерүүдийг хожим ха­га­ралдуулах шалтгаан болжээ. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа буюу 2009 онд Н.Энхбаяр 21 аймгаас 17-д нь ялалт байгуулсан ч Улаанбаатарт “унасан” нь Ардчилсан намд хожил авчирч, МАХН-ынханд хямрал эргэн нүүрлэхэд нөлөөлсөн хэрэг. Экс Ерөнхийлөгч намынхаа XXIV их хурлын үеэр М.Энхболдыг МАХН-ын дарга болгоход нөлөөлж, С.Баярыг арын албанд үлдээсэн нь хожим өөрт нь гай авчирсан ч юм билүү хэн мэдлээ. Сонирхолтой нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялаг­дах үед Н.Багабанди, С.Баяр, У.Хүрэлсүх,  М.Энх­болд нарын томоохон нэгдэл нэгэнт бий болж, Н.Энхбаяр голын нөгөө эрэгт хэдийнэ шидэгдчихсэн байлаа. Чу­хам энэ үед Ц.Нямдорж “Ерөнхийлөгчийн засаглал тогтоох хүсэлтэй хүмүүс на­майг УИХ-ын даргын сууд­лаас унагасан” гэж 2007 онд хэлсэн нь дахин сон­согдож, Үндсэн хуулийн Цэц ба институци хоо­рондын зөрчилдөөн үр­­гэлжилсэн юм. На­муудын лидерүүдийн толхилцоон эцэстээ Цэцийг даргагүй болгож, жижиг намууд энэ далимд нэгдэх шалтгаан боллоо. Хэдийгээр “Монголын улс төрд гуравдагч хүчний орон зай байхгүй” гэдэг ч МАХН-ын дарга Н.Энхбаяр жижиг намуудын нэгдлээр “их буу” хийх нь тодорхой болов. МАХН ба түүний лидерүүдийн эрин үеийн тухай ой санамж сэргэж байна. Хаан ярьсаар л…

С.БАТТУЛГА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж