Би ч гэсэн монголдоо сайхан амьдармаар байна

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Би ч гэсэн монголдоо сайхан амьдармаар байна

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Танд сар шинийн мэнд хүргэе?

-Баярлалаа.

-Ардчилсан намынхан өнөөдөр “өчигдөр” на­мынхаа гишүүдийн дунд албан ёсны золголт зохион байгуулж байна. Та энэхүү уламжлал болсон золголтод олон жил оролцож бай­гаа байх. Сэтгэгдлээ хуваал­цахгүй юу?

-Их сайхан байна. Жил бүр оролцож ирсэн. Энэ бол манай намынхны уламжлал. Ирэх хүсэлтэй бүх гишүүн маань ирдэг. Энэ үеэр зав гарвал ирэх оныхоо ажлыг бас ярина аа. Өнгөрсөн он манай намын хувьд их амжилтын жил байсан. Үүнийгээ бас дүгнэнэ. Хөөрөг зөрүүлэх мөчид санаа оноогоо хоёр мөч ч гэхгүй ярилцана.

-Та намынхаа амжилтыг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Ардчиллын 20 жилийн ойг орон даяар тэмдэглэлээ. Мөн “Монгол хүн 2020” хэмээх  хөтөлбөр боловсруулах хэ­лэлцүүлгээ эхэлсэн. Энэ он бол Ардчилсан на­мын хувьд маш том зорилтын жил байна.

-Бас сонгуулийн өмнөх жил гэдгийг тооцсон нь тодорхой?

-Тийм ээ. Гэхдээ зөвхөн сонгуулийн өмнөх жил гэх­гүйгээр ирэх 2020 онд Монгол Улс, монгол хүн ямар байх вэ гэдгийг тодорхойлох их том зорилтын өмнө бид ирчихээд байна.

Ардчилсан нам өнөөдөр эрх барьж байгаа улс төрийн хүчин. Энэ утгаараа бид өнөөдөр Монгол Улсын хөгжлийг ямар түвшинд хүргэх ёстой юм бэ гэдэг тэр зорилтыг тодорхойлохыг зорьж байгаа.

-Шууд утгаар нь Ард­чилсан намыг эрх баригч нам гэж үзэх нь бас хэр оновчтой юм бол?

-Хэдийгээр манай нам УИХ-ын 2008 оны сонгуульд цөөнх болсон ч Монгол Улсын эдийн засгийн энэ таатай нөхцөл дээр хамтарч ажиллах нь зөв юм гэсэн урилга нөгөө намаас ирсний дагуу Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хур­лаар хэлэлцээд хамтрах хэрэгтэй гэж шийдсэн. Энэ ч утгаараа УИХ-ын сонгуульд манай намаас дэвшүүлсэн 10 зөв бодлогын ихэнхийг нь хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан. Үүнийгээ ч хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.

-Та гүйцэтгэх засаглалын гишүүний хувьд намаасаа дэвшүүлсэн 10 зөв бодлогыг хэр амжилттай биелж байна гэж дүгнэж байгаа вэ?

-Бид тэр бодлогынхоо 80 орчим хувийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан. Түүний хэрэгжилт нь 50 гаруй хувьтай байгаа гэдгийг оны өмнө хуралдуулсан Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар дүгнэсэн. Бидэнд цаг хугацаа бий. Бүрэн гүйцэд хэрэгжээгүй нь 2009 онд дэлхий нийтэд эдийн засгийн хямрал нүүрлэсэнтэй холбоотой. Энэ үед Монгол Улсын эдийн засгийн өсөлт хасах 1.8 хувьтай байсан. Харин өнгөрсөн онд нэмэх зургаан хувьд хүрсэн. Засгийн газар 2009 оны эдийн засгийн хямралаас үүдсэн хүндрэлийг даван гарахын тулд их зүйлийг хийсэн. Тэгээд өнгөрсөн оноос л үйлдвэржилтийн бодлого, “Хүний хөгжлийн сан”, дэд бүтцийн бодлого, төмөр замын бодлогоо тодорхойлсон. Ин­гэснээр 2011 болон 2012 он ерөөсөө давхиад л байх, эрчимтэй гүйгээд байх жил болж байна. Өнгөрсөн хугацаанд бид бүх бэлтгэлээ хангаж чадсан гэсэн үг л дээ. Хэрэв 2009 онд эдийн засгийн хямрал үүсээгүй бол бид өдийд илүү их урагшилчихсан байх байсан болов уу.

-Та бариаг нь хэрхэн харж байна вэ. Ирэх 2012 онд УИХ-ын сонгууль болно. Энэ үед иргэд барианы үр дүнг анзаарч харах нь тодорхой шүү дээ?

-Энэ бүхэнд зөвхөн Засгийн газрын бус нийт монголчуудын хүчин чармайлт хэрэгтэй гэдгийг би юун түрүүнд хэлмээр байна. “Эвтэй байхдаа хүчтэй” гэдэг шиг эрвийх, дэрвийхээрээ ажиллах юм бол бидэнд маш том боломж байгаа. Энэ боломжийг бид алдахгүйн төлөө, С.Зориг агсны хэлдэг байсанчлан эрэмбийн дэс дарааллын дагуу л зүтгэх хэрэгтэй.

-Эрэмбийн дэс дараа нь яаж явах ёстой гэж?

-Эхлээд улс орныхоо төлөө, дараа нь намынхаа төлөө, дараа нь өөрийнхөө төлөө гэсэн зарчмаар ажиллахыг л нийт хүмүүст уриалмаар байна. Ялангуяа төрөөс үүрэг, хариуцлага хүлээсэн хүмүүс энэ зарчмыг ягштал мөрдөх хэрэгтэй.

-Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр тодорхой амжилтад хүрлээ гэхэд Ардчилсан намд аль зорилго нь карьерийн түшиг болж, 2012 оны сонгуульд барьж орох танай намын гол үр дүн байх бол. Учир нь хоёр өөр үзэл баримтлал бүхий нам нэг Засгийн газрыг бүрдүүлснээр үйл ажиллагаа болон зарчмын ялгааг нь уусан шингээж буй тухай шүүмж гарч байна шүү дээ. Наад зах нь амжилт болон алдаагаа хэрхэн хуваах гээд байгаа юм бэ?

-Манай нам 2008 онд зорилтоо тодорхой тавьсан. Үйлдвэржсэн Монгол, ажил­тай, ажлын байртай Монгол гэж. Бид энэ хүрээнд өөрсдийн хэмжээнд “Монгол хүн 2020” хөтөлбөрөө хүмүүсээ өдөөх хэмжээнд гаргаж тавьж байна. Үүнийгээ Ардчилсан намын 2020 он хүртэл хэрэгжүүлэх бодлогын гол чиглэл болгоно. Хүмүүс хоёр өөр үзэл баримтлалтай нам гээд л шүүмжилдэг. Монгол Улс бол эдийн засгийн хувьсгал хийж байгаа улс. Энэ хувьсгалд Монголын төлөө гэсэн нэг итгэл үнэмшилтэй орох ёстой. Би бүх нам Монголын сайн сайхны төлөө зүтгэж байгаа гэж ойлгож байгаа. Тийм учраас өнөөдөр алтан боломж олдож байхад нь олон тал руу тарж, Монголын эрх ашгийг чөдөрлөх эрх бидэнд байхгүй. Ийм ч учраас Ардын намынхны саналыг манай нам хүлээж авсан. Энд үзэл баримтлалаасаа урвасан зүйл нэг ч байхгүй. Нэг ёсны энэ үеийг эдийн засгийн хувьсгал, хэтрүүлж хэлбэл дайны байдалд байгаа үе л гэж хэлнэ.

-Мэдээж энх цагийн бүтээн байгуулалтын дайн гэж ойлгох ёстой байх. Тийм үү?

-Тийм ээ. Яагаад гэвэл дайн болоход улс дотроо хоёр, гурван намаар хуваагдах бус бүгдээрээ нэгдээд дайсны эсрэг байлдах ёстой биз дээ.

-Тэгвэл та өөрийгөө энэ бүтээн байгуулалтын дайны аль эгнээнд нь тулалдаж яваа гэж бодож байна вэ?

-Мэдээж энэ дайнд намын удирдлагууд, Гүйцэтгэх зөвлөл болон Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд, УИХ дахь намын бүлгийн гишүүд, Засгийн газрын гишүүд бүгд л тэргүүн фронтын дайчид. Засагт байгаа, байхгүйгээсээ үл хамаараад манай нам тэр чигтээ л зүтгэж байгаа. Гол нь энэ бүх зорилгодоо ард түмнийг  итгүүлэх, тэдний итгэл үнэмш­лийг баталгаажуулах, хүчийг нь нэгтгэх тал дээр бид харин дутуу ажиллаж байж магадгүй.

-Ихэнх дайнд олон нийт гэхээс илүү хэсэг бусаг хүн үнэмлэхүй их ашиг орлого, нэр хүнд олсон түүх олонтаа байдаг. Үүний нэгэн адил монголчуудын өмнө тохиосон алтан боломж дээр тулгуурлаж энэ цаг үед эрх мэдлийг гартаа авсан хэсэг бүлэг хүн боломжийг зөвхөн өөрсөд рүүгээ чиглүүлж байна гэх шүүмжлэл гарах болжээ. Таныг гэхэд л Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд монголын эрх ашгийг төлөөлж, гарын үсэг зурсан гурван сайдын нэг гэдгээр чамгүй их хардаж байгаа бололтой юм билээ?

-Хардах эрх хэнд ч бий. Гүйцэтгэх ажил хийж байгаа албан тушаалтныг хардах эрх сэтгүүлчдэд ч, иргэдэд ч бий. Харин гүтгэх эрх байхгүй шүү. Хардах, гүтгэх хоёр огт өөр ойлголт биз дээ. Тийм учраас хардаад, түүнийгээ судалж, тайлбар авах зүйл байвал авах хэрэгтэй. Би ч гэсэн өгч болно. Гэтэл манайхан зүгээр л шууд гүтгэдэг. Өөрийнхөө бодсоноор бичдэг. Эргээд асуудал өөрийнх нь эсрэг эргэх болохоор буруу ч байсан хамаагүй ялж байж гарна гээд зүтгэчихэж байна. Тэгээд асуудлыг бүр чөтгөрийн тойрог шиг болгочихдог. Тэгж болохгүй байхгүй юу. Би өөрийн чинь асуултад энэ тайлбарыг л хэлье. Би хардсан хүнд тайлбарыг нь хэлээд, үнэн зөвийг нь эв зүйгээр нь ололцоод явдаг. Харин гүтгэсэн хүнтэй бол хайр найргүй үзнэ.

-Авлигатай тэмцэх газ­раас хөрөнгө орлогын мэдүүлэг авч байгаа. Таны үл хөдлөх хөрөнгөд өн­гөрсөн хоёр жилийн ху­гацаанд хэр өөрчлөлт орсон бэ?

-Нэг их өөрчлөлт гараа­гүй. Итгэхгүй байгаа бол харьцуулаад хараарай.

-Та сэтгүүлч А.Баатар­хуягийг бичсэн нийтлэлийнх нь төлөө шүүхэд өгсөн. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-А.Баатархуяг сэтгүүлчийн нийтлэлийн хувьд энэ бол улс төрийн зорилготой гүтгэлэг байсан.

-Нэмэлт тайлбар өгөхгүй юү?

-Түүнийг би шүүх хур­лын дараа дэлгэрэнгүй тайл­­барлана. Өнөөдөр тэр сэтгүүлч “Ичсэн хүн хүн ална” гэгчээр эхний үндэслэлээ өөрчилчихсөн яваа. Эхлээд намайг Оюутолгойн хөрөнгө оруулагчдаас нэг сая ам.долларын хахууль авч, Зайсанд байртай болсон гэж бичсэн. Тэр нь худлаа болчихоор “MCS”-ээс хахууль авсан гээд дахин гүтгэж байгаа. Намайг ямар ч аргаар хамаагүй буруутай болгож байж л өөрийнхөө нэрийг цэвэр гаргах гээд байх шиг байгаа юм. Би шүүх хурлын дараа энэ талаар баримтыг нь дэлгэж байгаад маш тодорхой мэдээлэл өгнө.

-Өөрийн тань хариуцаж байгаа байгаль орчны салбарт шинэчлэл, хамгаалалт хэрэгтэй гэдэг эсэргүүцэл газар авч байна. Ерөнхийлөгчийн зүгээс ч хайгуулын лиценз дахин олгохыг хориглох саналтай байгаа. Таны хувьд салбарынх нь сайдын хувьд энэ бүх хамгаалалтыг эдийн засгийнх нь үр өгөөжтэй зохистой түвшинд нь хэрхэн зохицуулах ёстой гэж бодож байгаа вэ. Магадгүй тэр бүхний үр дүнд манай улсын эдийн засгийн чадавхид сөрөг үр нөлөө гарч болох юм шүү дээ?

-Өмнө нь байгаль орч­ны салбарт төрөөс хө­рөнгө оруулалт хийх за­маар хамгаалах бодлого хэрэгжүүлдэг байсан. Улс л хамгаалах ёстой. Улс мэднэ гэсэн бодлого хэрэгжиж ирсэн. Харин 2008 оноос хэрэглэгч нь өөрөө хамгаалагч байна, бохирдуулагч нь өөрөө төлбөр төлөгч байна гэсэн шинэ зарчмыг хатуу мөрдөж эхэлсэн. Ингэснээр уул уурхайнхан болон үйлдвэрлэгчид зохих ёсны төлбөр төлж хэвшиж байгаа. Нөгөө талдаа уул уурхайн салбарыг зогсоовол яах аргагүй улс орны эдийн засгийн чадавхи, ирээдүйн хөгжлийн зорилтод сөрөг нөлөө үзүүлнэ. Үйлдвэрлэгчид өөр болсон гэдгийг энд хэлэх хэрэгтэй байх. Өмнө нь уул уурхай гэхээр л хүнд даацын машин, хүрз, нэг эксковатор байдаг байсан. Одоо бол тийм биш. Бидний зүгээс ч өөрсдөдөө ашиг олдоггүй, ажилчдадаа цалин өгдөггүй, байгалиа хамгаалдаггүй, улсад татвар төлдөггүй уул уурхайг зогсоох бодлого барьж байгаа.

-Танай яамнаас 2011 оныг “Усны жил” болгон зарласан байсан. Монголчууд ус чандмань эрдэнэ гэж хэлж чаддаг ч хамгаалж чаддаггүй. Тэгэхээр энэ хөтөлбөрийг хэр амжилттай хэрэгжинэ гэж төлөвлөж байгаа вэ. Үр дүнгүй хуурай зорилт биш гэдэгт та найдаж байна уу?

-Бид зүгээр нэг хоосон уриа дэвшүүлээгүй ээ. Учир нь манай яам 2011 оныг “Усны жил” болгон зарлахын тулд өмнө нь хоёр жилийн туршид бэлтгэл хийсэн. “Ус” хөтөлбөр баталж, эрх зүйн зохицуулалтаа судалж, тодорхойлсон. Дэлхий нийт байгалийн зохистой нөөцийг яаж хамгийн зохистой, зөв, хэмнэлттэй хэрэглээд эдийн засгаа тогтвортой өсгөх вэ гэдгийг анхаарч байна. Бид энэ бодлогыг баримтлахын тулд бэлтгэсэн. Усны нөөц Монголд хангалттай ч газрын гадаргын ус хомсдолтой байгаа. Иймд бид зохистой хэрэглэх хэрэгтэй. Дээр нь үйлдвэрлэгчид усыг бараг үнэгүй хэрэглэж байна. Үнэлэмжийг нь бид цаашид нэмнэ. Тэгж байж хэмнэлтийг бодит үр дүнд хүргэнэ.

-Та улс төрийн карьераа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон УИХ-ын гишүүн гэсэн өнөөд­рийн түвшинд зогсоохгүй,  урт удаан хугацаагаар харж байгаа байх. Тэр зорилгыг Ардчилсан намаас ч бас ангид төлөвлөхгүй нь тодорхой. Иймд намынхаа цаашдын боломж, бололцоог хэрхэн тодорхойлж байна вэ?

-Ардчилсан нам ардчил­лын үйл хэргийг төгс төгөлдөржүүлэхийн төлөө маш их ажиллаж байгаа. Энэ бол амар хялбар ажил биш. Урт удаан хугацааны хүнд хүчир ажил. Аливаа асуудал дээр Ардчилсан намын бодлого зөв байсан гэдгийг цаг хугацаа бидэнд харуулж байна. Тийм ч учраас Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулиар манай улс ардчилсан Ерөнхийлөгчтэй болсон.

-Харин УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнгийн тухайд?

-Бид “Монгол хүн 2020” хөтөлбөрөө зарлаад явна. Энэ бол Ардчилсан намын урт удаан хугацааны зорилго. Үйл ажиллагаагаа эрчимтэй явуулна гэдэгт эргэлзэх нэг ч үндэслэл байхгүй гэдгийг хэлэх байна даа.

-Та хамтарсан Засгийн газ­рын сайдын хувьд хууль ёсны гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу. Учир нь УИХ-ын сонгуулиар олонхи болсон Монгол ардын хувьсгалт нам нэрээ Ардын нам болгож шинэчилснээр эрх зүйн чадамжгүй гэх хуулийн тайлбар гарах болсон шүү дээ?

-Энэ  бол  хууль  ёсны Засгийн газар. Хоёр намын удирдах дээд байгууллага шийдвэрээ гаргаж гэрээгээ байгуулаад УИХ-аас дэмжсэн Засгийн газар. Засгийн газрын түвшинд олонхи, цөөнх нь хамтраад ажилласан жишиг дэлхийн олон оронд бий. Бид энэ боломжтой цаг үед улс гэдэг эрх ашгаа нэгдүгээрт тавьж ажиллахаас өөр аргагүй. Хамтарсан Засгийн газрын гавьяа үүнд л байгаа. Магадгүй дандаа ийм байна гэж байхгүй л байх. Тэр бол дараагийн асуудал. Тэгээд ч бид монгол хүмүүс шүү дээ. Миний хувьд, гэхэд л эцсийн эцэст Засгийн газрын гишүүн байна гэдэг бол хоёр, гурван жилийн л асуудал. Би ч бас Монголдоо урт удаан хугацаанд сайхан амьдармаар байна. Миний зээ өнөөдөр том болж байна. Надад үр хүүхдүүдээ, ач зээ нараа “Өвөө чинь, аав чинь ингэж байсан” гэж адлуулах хүсэл алга. Магадгүй хоёр цэгийн хооронд зөндөө олон зам байгаа нь тодорхой. Гэхдээ нэгэнт хамтарсан Засгийн газарт эрхийг нь олгосон учраас бид тэр замаар нь л явж байгаа. Тэр бүхнийг энэ замаар нь явсан бол зөв байсан гэх мэргэн түргэн хүмүүс бол зөндөө л олдох байх. Хоёр намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, УИХ-ын хууль тогтоомжоор заасан замын дагуу л бид явж байгаа. Өөр замаар явсан тохиолдол бидэнд байхгүй гэдгийг энд хэлчих хэрэгтэй болов уу гэж бодож байна.

-“Хүний хөгжлийн сан”-гаар дамжуулан иргэдэд тараах 805 тэрбум төгрөгийг арай илүү бодит үр дүн бүхий бүтээн байгуулалтад зарцуулчихсан бол гэх харамсал танд төрдөг үү?

-Үгүй ээ. Яагаад гэвэл улс төрийн нам хариуцлагатай байх ёстой. Амласан амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Тэгээд ч тэр мөнгө алга болоогүй. Эргээд манай улсын эдийн засагт орж байгаа мөнгө. Өнөөдөр бид хүнд хэцүү амьдралтай иргэдээ ажлын байраар хангаж чадаагүй байж яаж сулд нь орхиж болох юм бэ. Тэр хүмүүс чинь амьд явах эрхтэй биз дээ. Мэдээж ажлын байраар хангачихвал  нийгмийн халамжийг буу­руулна. Тэгээд ч нийгмийн халамжийн бодлогын үр дүн тодорхой хугацааны дараа үр дүнгээ өгдөг. Өнөөдөр алимны мод суулгачихаад таван жилийн дараа ургац авах ёстой байтал хавар нь ургацаа авна гэж уурлаад байж болохгүй биз дээ. Ийм байхад 2010 онд “Хүний хөгжлийн сан”-гийн хуулиа баталчихаад өвөл нь “Хаа байна  вэ, нөгөө ард иргэдээ баяжуулаад байгаа чинь” гэж хашгираад байж болохгүй шүү дээ. Үр дүнгээ өгөхөд тодорхой хугацаа шаарддаг ажил олон байдаг биз дээ.

-Тэгэхээр Засгийн газрыг “Хүний хөгжлийн сан”-гаар дамжуулж алимны мод тарьж байна гэж ойлгох ёстой байх нь ээ. Мэдээж зүйрлэвэл шүү дээ?

-Тэгж бодож болно. Ерөө­сөө л монголчуудынхаа амьдра­лыг жигдрүүлэхийн төлөө л хэрэг­жүүлж байгаа хөтөлбөр. Аж­лын байр бий болгочихвол аяндаа тэнц­вэржүүлж, өөр зүйлд энэ мөнгийг зарцуулаад явна.

-Нэг ёсондоо жаахан хүлээчих л гэсэн үг бололтой. Тийм үү?

-Хүлээх л хэрэгтэй. Өн­гөрсөн хугацаанд олсон амжилтаараа бас бахархах хэрэгтэй биз дээ. Түүнээс бус өнөөдрийг зүхчихээд сайн сайхан маргаашийг яаж бүтээх юм бэ. Үүнийг бас их бодох л хэрэгтэй байх. Би тэгж л боддог.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:
" Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж