Намрын чуулганыг пүрэв гаригт завсарлуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Намрын чуулганыг пүрэв гаригт завсарлуулна

УИХ-ын намрын чуулганыг завсарлуулах хугацаа ойртож, гишүүд тойрогтоо ажиллахаар бэлтгэлээ базааж эхэлжээ.  Энэ асуудлаар УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээс тодрууллаа.

-Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-аар баталчихаад намрын чуулганыг завсарлуулах нь гэсэн яриа дуулдлаа. Тэгэхээр энэ долоо хоногт багтаж чуулган завсарлах нь ээ?
-Нэмэлт, өөрчлөлт оруулсан УИХ-ын тухай хууль нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Энэ өөрчлөлтөөр УИХ-ын намрын чуулганыг  аравдугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын 10-ны хооронд хуралдуулж,  завсарлуулж байхаар хуульчилсан. Тэр дагуу энэ удаагийн чуулганыг 10-ны өдрийг оролцуулаад завсарлуулахаар, ажлаа төлөвлөж,  хуваариа батлаад явж байна. УИХ дахь намын бүлгүүдээс гэнэтийн юм уу, зайлшгүй шаардлагатай гэж үзсэн асуудал гарахгүй бол үндсэндээ 10-ны өдөр завсарлах болов уу гэсэн чигтэй ажиллаж байна.
-Намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудыг хэр нугалаа бол. Биелэлт хэдэн хувьтай байгаа вэ?
-УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж, шийдвэрлэсэн асуудлын биелэлт өнөөдрийн байдлаар 58 орчим хувьтай.  Энэ долоо хоногийн эцэс хүртэлх бидний урьдчилан харснаар 60 гаруй хувьтай болох төлөв харагдсан. Үлдсэн асуудлууд УИХ-ын хаврын чуулган руу шилжиж таарч байна.
-Төлөвлөсөн асуудлуудаа намрын чуулганаар баталж чадаагүй шалтгаан нь юу байв?
-Намын бүлгүүд завсарлага аваад тодорхой төвшинд ярилцаж, судалгаа хийх шаардлагатай гэж үзээд хэлэлцүүлгийг хойшлуулчихсан хуулиуд байна. Тухайлбал, Цагдаагийн байгууллагын тухай хууль, Өмгөөллийн  тухай хуулиуд үүнд хамаарна. Зарим хуулийн төслийг намрын чуулганы завсарлагааны хугацаанд орон нутгаас санал авах, төсөвт байгууллагуудаас санал авах шаардлагатай гэсэн үндэслэлүүдээр хойшлуулж,  хаврын чуулганаар хэлэлцэхээр болгосон. Тухайлбал, Төсвийн тухай хууль юм.  Орон нутагт төсвийн эрх мэдлийг яаж шилжүүлэх вэ гэдэг асуудал хөндөгдөж байгаа. Түүнийгээ дагаад гарцаагүй орон нутгаас санал авах шаардлагатай болж байгаа. Мөн Хөдөө аж ахуйн бараа,  түүхий эдийн биржийн тухай хууль байна. Орон нутгийн иргэд ялангуяа малчдаас санал авах шаардлагатай гэж тооцсон.
-Сонгуулийн тухай хуулийн төсөл тэгвэл юунаас болж хойшлогдчихов?
-Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр ажлын хэсэг нэлээд сайн ажиллаж, бэлэн болгож байна. Хоёр том төслийг нэгтгээд үндсэндээ бэлэн болсон. Гэвч улстөрийн намуудын удирдлагатай ярилцах, санал авах, судлаачдын төвшинд санал авах гэсэн хоёр үндсэн хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагатай гэдэг үндэслэлээр, энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэх болж байгаа л даа.
-Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүний  бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн нэгдүгээр сард дууссан. Гэвч цэцийн гишүүдийг УИХ-аар хэлэлцэж амжилгүй намрын чуулган завсарлах болж байна. УИХ-ын Тамгын газрын зүгээс цэцийн гишүүдийн томилгоон дээр ямархуу байр суурьтай байна вэ?
-Ерөнхийдөө Ерөнхийлөгчөөс санал болгож, УИХ-аас томилдог цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа. УИХ дахь намын бүлгүүдийн төвшинд өнөөдрийн хуралдаанаараа ярилцах болов уу гэж бодож байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж