Жендерийн хуульд хүйсийн тэгш байдал хангагдсан уу?

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Жендерийн хуульд хүйсийн тэгш байдал хангагдсан уу?

УИХ-аас баталсан Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хэр чамбай хууль болсон бэ гэдэгт УИХ-ын гишүүдээс байр суурийг нь сонирхлоо. Тус хууль 16 жилийн турш парламентаар боловсруулагдаж байж, батлагдсан юм.

УИХ-ын гишүүн А.Тлейхан
-Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль олон жил яригдаж байж, өнгөрсөн долоо хоногт батлагдлаа. Энэ хуулийн гол амин сүнс нь хүйсийн тэгш байдлыг хангахад чиглэсэнд оршино.  Нийгэмд эрэгтэй, эмэгтэйчүүдийн тоо ойролцоо байгаа. Гэтэл тодорхой албан тушаал хашихад хүйсийн харьцаа харилцан адилгүй байгаа учраас тэгш байх хэрэгтэй гэсэн үндэслэлээр хуулийг баталсан.
Анх өргөн барьсан төсөлд сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүд 30 хувиас доошгүй байна гэж квот тогтоосон байсан. Гэвч энэ заалтыг Сонгуулийн хуультай хамтатган ярих нь зүйтэй гэж үзээд нээлттэй үлдээсэн. Нөгөө талаас Жендерийн хуульд эмэгтэйчүүдийн квот 30 хувь байна гэх нь Үндсэн хуультай зөрчилдөх болоод байсан учраас, энэ заалтыг хойшлуулсан. Харин улстөрөөс томилогддог албан тушаал тухайлбал, сумын удирдлага, аймгийн удирдлага, Засгийн газрын бүрэлдэхүүн, агентлагуудад жендерийн тэгш байдлыг хангах зорилгоор тодорхой хувь зааж өгсөн. Тухайлбал, Сумын удирдлагын төвшинд 40, аймагт 30, тэрнээс дээш төвшинд 25, 20 хувь гээд заачихсан. Ингэж хувь заасан нь зөв гэж бодож байгаа. Эмэгтэйчүүд өндөр боловсролтой болсон үед тэдний мэдлэгийг нийгэмд ашиглах ёстой. Түүнийг дагаад эмэгтэйчүүд тодорхой алба хаших боломж бүрдэнэ.

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг
-Хүйсийн тэгш байдлыг хангасан хууль олон парламентыг дамжсан юм билээ. Батлагдах ёстой хууль батлагдсан гэж үзэж байгаа. Харин сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь гэж заасан байсныг байнгын хороо дэмжээгүй. Сонгуулийн хуулиар зохицуулъя гэж үзээд хойшлуулсан. Зөв гэж үзэж байгаа. Яагаад гэхээр улстөрийн чанартай нарийн тоо тавиад эхлэхээр Үндсэн хуулийн заалттай ч зөрчилдөх, тооны харьцаа нь ч хэт явцуурхсан, хязгаарласан болж хувирч байгаа юм. Хэрвээ тэр квот ороод ирсэн бол хууль батлагдахгүй, хойшлогдох байсныг ч үгүйсгэхгүй. Ер нь тэр квотыг заавал Сонгуулийн тухай хууль, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар зохицуулах гэж оролдох нь учир дутагдалтай. Манайхан аливаа юмыг хуульчилж өгөх гэж илүү дутуу юм оруулаад тэр нь сүүлдээ асуудал үүсгэдэг талтай. Саяхны жишээ УИХ-ын дэгийн тухай хуульд сэтгүүлчдийг нас хүйс, туршлагаар нь харгалзаж, парламент сурвалжлах эрх олгоно гэсэн агуулгатай заалт оруулсан нь маргаан үүсгэсэн. Дотоод журмаараа шийдвэрлэчих асуудлыг хуульчилснаас болж асуудал үүссэн.  Тиймээс сонгуульд нэр дэвших квотыг заавал хуульд тоо тавьж заах шаардлага байхгүй, дотроо зохицуулаад явчих бололцоотой л гэж бодож байгаа. Тэр дундаа намынхаа дүрэм журмаар зохицуулчихаж болох асуудал.  

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
-Ямар ч байсан 16 жилийн туршид энэ хууль УИХ-д орж ирээд, тэр бүрийд буцаж батлагдахгүй хойшилсоор өдий хүрсэн юм билээ. Төгс төгөлдөр хууль гэж байхгүй, гол нь  Жендерийн тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсан гэдэг нь чухал. Жендерийн тэгш эрхийн асуудал тодорхой төвшинд хуульчлагдаж хэрэгжих боломж бүрдэж байна. Цаашдаа дараа дараагийн парламент улам сайжруулах байх. Манайхан Жендер гэдэг утгаар зөвхөн нэг талыг барьж, эмэгтэйчүүд гэж ойлгодог. Хуулийн төсөл ч энэ тал руу боловсруулагдаад ороод ирсэн байсан. Ер нь яваандаа жендерийн асуудлыг тэгш тавих асуудал гарч ирж байгаа. Өнөөдөр зөвхөн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудал яригдаж байх жишээтэй. Зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудал яригдаж байх жишээтэй. Гэтэл өрх толгойлсон эцгүүд байна, эрэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал байна. Аль нэг хүйсийн эрхийг дангаар нь хамгаалах тухай хуульчлаад байж болохгүй. Жендер ярьж байгаа бол эрэгтэй,  эмэгтэй аль алиных нь эрх ашгийг хамгаалж байх ёстой. Тиймээс хуулийг цаашид улам боловсронгуй болгох ёстой. Зарим нэг дутуу дулимаг юм бий. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Д.Арвины шүүмжлээд байгаа асуудлууд байна. Ардчилсан нийгэмд шилжээд удаагүй байна, төрийн институт хоорондын харьцаа тогтолцоо жигдэрч амжаагүй байна. Аажимдаа юм төгөлдөршөөд төлөв байдлаа олдог. Түүнтэй нэгэн адил Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль улам боловсронгуй болно л гэж бодож байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт
-Урьд нь яригдаад байсан тодорхой асуудлууд шийдвэрлэгдэнэ. Ялангуяа төрийн үйлчилгээний салбарт ажилладаг эмч багш нарын тухайд хүйсийн тэгш байдал хангагдах нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Улстөрийн намуудын өөрсдийнх нь дүрмэнд тодорхой квот орчихсон байдаг. Хүн болгонд тэгш боломжийг олгож байгаа. Түүнийг заавал хуульчлах гэх албагүй. Жишээлбэл, манай МАН-ын дүрмэнд бага хуралд 25-аас доошгүй эмэгтэй төлөөлөл оруулдаг. УИХ-д нэр дэвшүүлэхдээ тодорхой квот оруулж ирдэг. Дэвшээд ялах,  ялахгүй нь тэр хүмүүсийн асуудал. Тэрийг заавал квотоор хязгаарлах нь зохимжтой биш.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж