Оросууд монголын нүүрсийг сонирхож байна

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Оросууд монголын нүүрсийг сонирхож байна

Оросын төмөр зам ба СУЭК компани Монголын нүүрсний орд газрыг ашиглахаар консорциум байгуулжээ
Оросын төмөр зам (РЖД) ба СУЭК компани Монголын Тавантолгойн нүүрсний ордын төлөө хамтран тэмцэхээр болсон байна. Тэдний өрсөлдөгч Олег Дерипаскагийн EN+ болж магадгүй. Коксжсон нүүрсний үнэ эрс өссөнөөр уг ордыг ашиглах нь ирээдүйтэй болжээ.

РЖД, СУЭК компани ба Япон, Солонгосын хэсэг компаниуд Монголын Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах өрсөлдөөнд оролцохоор консорциум байгуулсан тухай тэдний нэг оролцогч мэдээлжээ. Консорциумд оролцогчдын хувийг хуваах ажлыг хийгээгүй ч РЖД консорциумынхаа нэрийн өмнөөс сонгон шалгаруулалтад оролцох өргөдлөө өгсөн гэнэ. Компанийн өргөдөлд Монголын нутгаас Алс Дорнод хүрэх төмөр замыг эцсийн хэрэглэгч нар Япон, Хятад, Солонгост нүүрс нийлүүлэх зорилгоор барих нь чухал гэж дурьдсан байна. Консорциумын оролцогч нарын дунд Японы Sumitomo Corp, Marubeni Corp, Itochu Corp, Sojitz Corp болон Солонгосын компаниуд нэрлэгдэж буй.

Нүүрсний орд газарт Оросын талын бас нэг өрсөлдөгч байгаа. «EN+ өрсөлдөөнд оролцохоор өргөдлөө гаргасан ба ялна гэсэн найдартай байгаа” гэж Олег Дерипаскагийн хяналтад байдаг En+ Group-ийн төлөөлөгч Оросын  сайтад мэдэгдсэн байв.

Өнгөрсөн есдүгээр сард “EN+”-д багтдаг «Евросибэнерго» ба Монголын Just Group холдинг эрчим хүчний салбарт стратегийн хамтын ажиллагааны тухай дурсамж бичигт гарын үсэг зурсан нь тэр  ордыг эзэмшихтэй холбоотой ажээ.
Тавантолгойн ордыг ашиглах 15 өрсөлдөгчдийн дунд Хятадын консорциум Shenhua, Японы  Mitsui, Энэтхэгийн  Arcelor Mittal, Бразилийн  Vale, Америкийн Peabody ба Австралийн  Xstrata байгаа гэж «Газеты.Ru» сайтын эх сурвалж мэдээлсэн байв.

Өнгөрсөн жилийн долдугаар сард Монголын парламент гадаадын хөрөнгө оруулагчдад Тавантолгойн ирээдүйн эзэмшигч Erdenes-Tavantolgoi-н хувьцааны 30 хувийг зарахаар шийдсэн билээ. Парламентын төлөвлөснөөр  Erdenes-Tavantolgoi хувьцааны тал хувь нь Засгийн газарт байх ба 10 хувийг иргэдэд нь тарааж, 10 хувийг нь Монголын бизнесийн хүрээний төлөөлөгч нарт нэрлэсэн үнээр нь худалдах юм байна.

«РЖД-д энэ ордыг ашиглахад оролцох бүрэн боломжтой. Компани нь Монголд сайн хэлхээ холбоотойгоос гадна нүүрсийг хэрэглэгч нарт хүргэх дэд бүтцийг компани хийж чадна” хэмээн «Уралсиб» төвийн шинжээч  Николай Сосновский тайлбарлав. Оросын талын хоёр дахь өрсөлдөгч байгаа нь ялах магадлалыг бууруулж магадгүй учраас EN+ тусдаа биш, тус консорциумд орж болох юм гэдгийг Сосновский хэлж байна. Гэлээ ч тэд Хятадын талтай өрсөлдөх учир ялах магадлал багатайг шинжээч хэлэв. «Хятадуудын санхүүгийн боломж нь Оросоос өндөр бөгөөд тэд ордыг хөгжүүлэх шилдэг нөхцлийг хэлэх байх. Мөн одоо Монгол, Хятадын улс төрийн харилцаа Оростой харьцуулахад хамаагүй дээр» хэмээн «Брокеркредитсервис» төвийн шинжээч Олег Петропавловский хэлжээ.
Оросын компаниуд тендерт ялсан ч гэлээ Тавантолгойн нүүрсний ордын хэрэглэгч нь Хятад байх болно. Мөн Япон, Солонгос хоёр ч байгаа. Монголын ордын нүүрсний 40 хувь нь ган төмөрлөгийн үйлдвэрийн түүхий эд коксжсон нүүрс учраас түүнийг эдгээр орнууд л сонирхож байгаа.

Австралийн үерийн улмаас Азид нийлүүлэгдэх коксжсон нүүрсний гэрээний үнэ 78 хувь хүртэл өсч болохыг Bank of America Merrill Lynch-ийн шинжээчид хэлжээ. Тэдний үнэлгээгээр ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс коксжсон нүүрсний нэг тоннын үнэ өнөөгийн 225 доллараас 400 хүртэл өсөх ажээ. Монголоос нийлүүлэх нүүрс хэрэглэгч нарт хамаагүй хямд тусах юм.

Тавантолгойн нүүрсний орд Монголын өмнөд нутагт Хятадын хил орчим байдаг бөгөөд түүний нөөц нь 6,5 тэрбум тонн гэж үнэлэгджээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж