
Ардын нам, Ардчилсан нам тохиролцохгүй байна. Тэд аливаа асуудалд өөрсдийн эрх ашиг, сонирхол бүрийг харгалзан өөрт ашигтайгаар тохиролцохыг оролдож, хичээдэг. Энэ үйл явц Сонгуулийн тухай хуульд мөн л давтагдав. Өнгөрсөн хугацаанд манай улс таван удаа парламентын сонгууль явуулахдаа мажоритар тогтолцоог сонгосон. Харамсалтай нь тийм сайн хувилбар биш болохыг 2008 оны сонгууль харуулсан. Тиймээс Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүн, Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд нарын гишүүд тус бүр өөрсдийн хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Гэтэл өргөн барьснаас хойш хагас жил гаруй хугацаа өнгөрлөө. Одоо болтол Сонгуулийн тухай хуулийн аль ч төслийг нь УИХ-аар хэлэлцсэнгүй. Энэ нь өнөөх л намуудын ашиг сонирхол, тохиролцооноос үүдэлтэй биз. УИХ-ын гишүүн, Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд Монгол Улсаа нэг тойрогтой болгож, нэр дэвшигчдийг эрэмбэлэх санааг дэвшүүлсэн. Харин УИХ-ын гишүүн Д.Болд нарын дэвшүүлсэн хувилбар сонгогчдын тоог тэгшитгэх үүднээс зарим аймгийг нэгтгэнэ гэсэн нь дараагийн сонгуульд нэр дэвших зорилго, хүсэлтэй хүмүүсийг багагүй сандралд оруулж байгаа гэх. Ямартай ч энэ хоёр хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг дор бүрдээ ажиллаж байгаа хэдий ч чанартай, сайн Сонгуулийн хуультай болох сонирхлоос илүү намуудын сонирхол хүчтэй нөлөөлсөөр байна. Тиймээс уг хууль ийнхүү гацаанд орлоо. Хуулийн төслийг өргөн барьснаас хойш л “Энэ намрын чуулганаар эртхэн хэлэлцэж, нэг шийдвэрт хүрэх болно” гэж Ардын нам, Ардчилсан намын гишүүд мэдэгдэж байсан боловч тэд дахин хойшлуулж “Хаврын чуулганаар яг хэлэлцэнэ” хэмээж байна. Сайн хэлэлцэж, зөвшилцсөний эцэст хуулиа сайн боловсруулах хэрэгтэй гэж өнгөн дээрээ хэлж байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ хоёр нам систем дээрээ тохирохгүй байгаа нь нууц биш. УИХ дахь Ардчилсан нам, Ардын намын бүлгүүд зөвшилцөөд 26:50 хэмээх хувилбарыг дуу нэгтэйгээр дэмжсэн. Энэхүү хувилбар нь 26 буюу мажоритар, 50 буюу пропорциональ юм. Үүнийг тэр дундаа Ардчилсан намынхан ихээхэн дэмжиж байгаа. Харин Ардын намынхан МАХН байхдаа холимог тогтолцоог дэмжин санал нийлж байсан. Тус намыг нэрээ сольсны дараа, намын нэрээр санал авахгүй гэчихээр пропорциональ сонгууль явуулах боломжгүй болж байгаа юм. Ингээд л хоёр нам тохиролцож, зөвшилцөхгүй байсаар намрын чуулган завсарлах нь тодорхой боллоо. Хэдий УИХ-ын дарга хуулийн дагуу чуулганы хугацааг 14 хоногоор сунгах эрхтэй боловч энэхүү томоохон хуулийн төслийг ийм богино хугацаанд хэлэлцэж чадахгүй нь ойлгомжтой хэмээн гишүүдийн олонхи нь хэлж байна. Гуравдагч хүчнүүдийн тухайд хуулийн төслийг эртхэн хэлэлцэхийг шавдуулсаар байгаа. Хэрэв мажоритар тогтолцоо хэвээр үлдвэл тэдэнд ээлгүй, харин пропорциональ тогтолцоо гуравдагч хүчнийг парламент дахь суудлын тоогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
Ц.ЭНХЦЭЦЭГ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин