Монголчууд айргийн тавд багтлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Монголчууд айргийн тавд багтлаа

Казахстаны Астана, Алма-Аты хотуудад зохион байгуулсан Азийн өвлийн спортын VII наадам өчигдөр хөшгөө хаалаа. Казахстан ЗХУ-ын бүрэлдэхүүнээс салснаас хойш анх удаагаа олон улсын чанартай томоохон арга хэмжээ хүлээн авсан нь энэ удаагийн өвлийн наадам байсан бөгөөд зохион байгуулалтын өндөр төвшинд болж өнгөрчээ. Азийн өвлийн наадмын хаалтын ёслолын ажиллагаа өчигдөр Алма-Аты хотын Балуан Шолак ордонд болж, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев гэргийн хамт оролцсон байна. Хаалтын ажиллагааны төгсгөлд Азийн наадмын тугийг Саппорогийн өвлийн наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгчдөд гардуулан өгөв.

Энэ удаагийн Азийн өвлийн наадамд 26 орны 843 тамирчин спортын 11 төрөлд 69 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс зохион байгуулагч Казахстаны баг 32 алт, 21 мөнгө, 17 хүрэл, нийт 70 медаль хүртсэнээр медалийн тоо болоод чансаагаар илт давуу түрүүлсэн бол долоо дахь удаагаа Азийн өвлийн наадамд оролцсон Монголын баг тамирчид нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэнээр Япон, БНСУ, БНХАУ нарын Шар тивийн хүчирхэг орнуудын дараа айргийн тавд багтлаа. Өмнө нь Монголын тамирчид “Саппоро-1990” наадмаас эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын буухиа төрөлд хүрэл, дараа нь 1997 онд Чанчуньд болсон өвлийн наадмаас Ү.Марал цанын чөлөөт төрөлд хүрэл медаль хүртэж байжээ. Ийнхүү энэ удаагийн Азийн өвлийн наадамд Монголын баг тамирчид өмнөх амжилтаа эвдлээ.

Азийн өвлийн спортын наадмын хөтөлбөрт шинээр багтсан төрлүүдэд манай тамирчид амжилттай оролцсон. Ski orienteering буюу цанын зүг чиг олох төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон тамирчид дөрвөн хүрэл медалийн эзэд болсон бол бэнди буюу бөмбөгтэй хоккейн төрөлд Монголын баг мөнгөн медаль хүртсэн юм. Зүг чиг олох  төрөлд эрэгтэйчүүдийн спринт болон холын зайн төрөлд Б.Гэрэлт-Од хүрэл медаль хүртэж, Азийн өвлийн наадмаас хос медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон бол эрэгтэй, эмэгтэйчүүдийн буухиа уралдаанд мөн Монголын тамирчид хүрэл медалийн тавцанд гарсан юм. Эрэгтэйчүүдийн буухиа төрөлд Казахстан (56:15), Ираны баг (1:02:35) тамирчид алт, мөнгөн медаль хүртсэн бол Б.Гэрэлт-Од, Б.Бямбадорж, Э.Бархүү нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг 1:27:13 цагийн амжилтаар хүрэл медаль хүртжээ. Харин эмэгтэйчүүд 1:33:03 гэсэн амжилт үзүүлснээр хүрэл медалийн тавцанд гарсан байна. Монголын багийн бүрэлдэхүүнд Н.Ууганцэцэг, А.Наранцэцэг, Ч.Отгонцэцэг нар багтжээ.

Манай бэндичдийн тухайд аваргын төлөөх тоглолтод Казахстаны багт 16:2 харьцаатай хожигдсоноор мөнгөн медаль зүүсэн. Энэ төрөлд манай улсаас гадна Киргизстан, Казахстаны багууд өрсөлдөж, Монголын бэндичид хэсгийн тоглолтод Киргизстаны багийг 17:2-оор хожиж, Казахстанд 21:0 харьцаатай хожигдсоноор аваргын төлөө тоглох эрхтэй болсон юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж