Хийсэн ажлынхаа үр шимийг хүртжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Хийсэн ажлынхаа үр шимийг хүртжээ

Байгаль орчноо хайрлан хамгаалах нь үндсэн хуулиар хүлээлгэсэн иргэний журамт үүрэг билээ. Энэ үүргээ ухамсарлан үлгэр жишээчээр биелүүлж мод сөөг, жимс жимсгэнэ тариалж буяны үйлс бүтээж яваа иргэн Д.Даваасүрэн, дунд сургуулийн сурагч Г.Баянзул нарын зүтгэлийг Монголын Байгаль Орчныг Хамгаалах Холбоо үнэлж “Тэргүүний байгаль хамгаалагч” медиаль, мөнгөн шагналаар шагнажээ.

Энэ тухай өгүүлье:
Ойжуулагч жирийн иргэн
Завхан аймгийн “Дядан” компанийн мод үржүүлэг, ойжуулалтын ажилтан Дашравдан овогтой Даваасүрэн тус аймгийн Шилүүстэй сумын нутаг Арбулаг хэмээх газар төрж, геофизикч мэргэжил эзэмшжээ.

Тэрээр 1996 он хүртэл мэргэжлээрээ цөөхөн жил ажиллаж  ихэнх хугацааг НААҮГ-т жолоочийн ажил эрхлэн өнгөрөөсөн ч одоогоос 14 жилийн өмнө ойн инженер Л.Галднаатай танилцаж ойжуулалтын ажилд нэг хавар хамтран ажилласнаас хойш байгаль хамгаалах, мод тарих ажилд сэтгэл татагдах болж ойг нөхөн сэргээх, арчлах, мод үржүүлэх ажлыг тасралтгүй гүйцэтгэж бригадын ахлагчаар дэвшиж ажиллах болжээ.

Д.Даваасүрэн тус компанид ажилласан хугацаандаа 810 га талбайд ой нөхөн сэргээх ойжуулах, 55 га талбайд элсний нүүлтийг багасгах, хөрс хамгаалах зориулалтаар ногоон хэрэм байгуулах, мод үржүүлгийн газарт найман нэр төрлийн 150.0 мянган тарьц суулгац бойжуулах ажил хийжээ. Сүүлийн таван  жилд гэхэд л навчит модны үр 105 кг, шилмүүст модны үр 200 кг-ийг бэлтгэж, мод үржүүлэг ойжуулалтын ажилд жил бүр 16-24 ажилчдыг ахлан удирдаж тэднийг тарьц арчлах, мод тарих арга барилд сургасан нь ой нөхөн сэргээх ажилд мэдэгдэхүйц үр дүнгээ үзүүлжээ.

Д.Даваасүрэнгийн зохион байгуулж гүйцэтгэсэн ойжуулалт, ногоон хэрэм ойн зурвасын ажлыг 2010 оны намрын тооллогоор засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, аймгийн МХГ, БОАЖГ-ын хамтарсан комисс хүлээн авахад амьдралт нь 78.0-88.4 хувь, хот суурины цэцэрлэгжүүлэлтэнд тарьсан мод сөөгний амьдралт 95.0 хувь байсан бөгөөд, 20 гаруй мянган ширхэг тарьц суулгац ургуулсан сайхан амжилт гаргасан байна.

Ажилтан Д.Даваасүрэнгийн нэг сайхан чанар бол ажлыг гологдолгүй чанартай хийж, хүнд туславал тусласан шиг тусладаг, байгаль хамгаалах, мод ургамал тарьж ургуулах арга зүйг сэтгэлээрээ эзэмшиж бусдад сурталчилж ирсэн явдал юм. Тэрээр хийсэн бүтээснээ үнэлүүлж 2007-2009 онд жил дараалан Дядан компаны тэргүүний ажилтнаар шалгарч, 2005 онд БОАЖЯамны “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдаж улам ихийг хийж бүтээх урам хүслээр жигүүрлэжээ. Эх орны ногоон хэрэм, ойн баялгийг арвижуулж ой нөхөн сэргээх, тарьц суулгац ургуулж мод тарих буянтай ажлыг амьдралынхаа эрхэм зорилго болгосон Д.Даваасүрэнг байгаль эх дэлхий нь ивээлдээ авч ажил, амьдрал нь дэвжин дэлгэрэх болтугай.

Байгаль хамгаалах хойч үеийн төлөөлөгч

Дэлхийн энх тайван, эв нэгдлийн төлөөх Гэр бүлийн холбооны 2009 оны “Экологид ээлтэй гэр бүл”-ээр шалгарч “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдсан “Хөвч Хангайн Хишиг” ТББ-ын тэргүүн, ойн инженер, ХАА-н ухааны магистр Л.Галднаагийн хүү 11 дүгээр ангийн сурагч Г.Баянзул өөрийн гэрийн хашааныхаа 0.20 га талбайн хөрсийг боловсруулж, мод сөөг тарих зориулалтаар 2.5 м гүн энгийн уурхайн худаг гарган ашиглаж 14 нэр төрлийн 1-7 насны 10000 гаруй мод, сөөг, бут тарьж ургуулах ажилд сүүлийн найман жил идэвхийлэн оролцож, ой нөхөн сэргээх, мод үржүүлгийн ажлын зохих мэдлэг, дадлага эзэмшиж, тарьц бойжуулах талбайдаа 50-иад үхрийн нүд, 100-аад чацарганы суулгац тариалж арчилснаар 2010 оны намар 180 кг жимс хурааж  өрхийн хүнсэндээ хэрэглэжээ. Г.Баянзул ойн инженер эцгийн хүү төдийгүй шавь болж хамтран ажилласнаар байгаль орчноо хайрлах, мод цэцэг ургуулах чадвар эзэмшиж өөрийн хүмүүжүүлсэн цэцэрлэг, сурч буй сургуулийнхаа орчинд мод, зүлэг, цэцгийн мандал тарих ажилд манлайлан оролцож ирсний зэрэгцээ төв засмал замын дагуух 100 м ойн зурвасын таримал моднуудад жил бүрийн хавар хэлбэржүүлэх тайралт хийж, хэлбэр үзэмжийг өөрчилж ирсэн нь хэн хүний сонирхолыг татаж шинэ төрх галбирийг бий болгож чаджээ. Тэрээр хаягдал тайрдас, мөчрийг ашиглан үржүүлж 8.0 гаруй суулгац ургуулж төв суурины цэцэрлэгжүүлэлтэнд нийлүүлсний зэрэгцээ Улиастай хот дахь Монгол улсын хөдөлмөрийн баатар, техникийн ухааны доктор Ш.Отгонбилэгийн нэрэмжит цэцэрлэгт хүрээнлэн, аймгийн хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн, Нутгийн захиргааны ордны цэцэрлэгийг шинээр байгуулж мод сөөг, зүлэг тарих ажилд чөлөөт цагаараа өөрийн санаачлагаар оролцож 9.0 мянган ширхэг мод бут суулгах, арчлах услах үүргийг улирлын ажилчдыг ахлан хамтран хийж намрын тооллогоор 90-ээс дээш хувийн амьдралттай ургуулж хүлээлгэн өгсөн байна.

Сурагч  Г.Баянзул сурч мэдснээ бататган бие дааж 12 нэр төрлийн цэцгийн үр, мөчрөөр нь үржүүлж 150 ширхэгийг ургуулж албан газар, сургууль, цэцэрлэг, иргэдэд олгосны гадна өөрийн хашаанд цэцгийн мандал гурвыг шинээр байгуулж өнгөрсөн гурван  жилд шар хуайсны үр 4 кг, цэцгийн үр 1.5 кг, чацарганы үр 40 кг-ийг  бэлтгэсэн нь “Бид байгалиас хишиг горьдож суух биш, ургуулж арвижуулж булааж авах ёстой” гэсэн нэгэн суут хүмүүний хэлсэн бодит үнэнийг хөдөлмөр бүтээлээрээ харуулж чадсан байна.

Иймээс сурагч Г.Баянзулын байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг МБОХХолбоо өндөр үнэлж өөрийн байгууллагын дээд шагнал “Тэргүүний байгаль хамгаалагч” медалиар шагнасан нь Завхан аймаг төдийгүй Монголдоо энэхүү медиалиар шагнагдсан анхны сурагч болжээ.

Жирийн  хоёр иргэний хийсэн бүтээсэн нь ийм арвин өгөөжтэй байхад хотлоороо эрвийх дэрвийхээрээ хөдөлж хүн бүхэн, хөгшид хүүхэдгүй мод, ургамал, жимс жимсгэнэ тариалж арчилж ургуулвал Улиастай хот маань өнгө үзэмж орж, эрүүл ахуйн нөхцөл сайжирч ногоон хот болох бүрэн боломж байна.  Энэ ажилд ойн мэргэжилтнүүд, дунд сургуулийн биологийн багш нар, байгаль хамгаалагчид, байгаль хамгаалах ТББ-ууд, эрхэлсэн ажил, эзэмшсэн мэргэжлээрээ хошуучлан зохион байгуулж ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж буйг тэмдэглэхэд юун илүүдэхсэн!

Байгаль ээж  тэтгэвэл тэжээдэг, тэрсэлвэл шийтгэдэг билээ.


Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж