
Ослын талаар “Lotus Renault” багийн удирдлага албан ёсны вэбсайтдаа “Ронде ди Андорра раллид оролцож байгаад осолдсон Роберт Кубицаг өнөөдөр өглөө эмнэлэгт хүргэсэн. Одоогоор эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж байна. Багийн зүгээс Робертын биеийн байдлын талаар тун удахгүй мэдээлэх болно” гэжээ. Ослын үеэр Кубицагийн хамтрагч нь болох Якуб Гербер ямар нэг байдлаар гэмтэл бэртэл аваагүй аж. Кубицаг эмнэлэгт хүргэсний дараа яаралтай мэс засалд оруулсан бөгөөд долоон цаг үргэлжилсэн мэс засал амжилттай болсон гэнэ. Мэс заслыг гардан хийсэн Игорь Росселло хагалгааны үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ Кубица хагалгааны дараах шөнийн туршид ухаангүй байсан бөгөөд баруун гараа бүрэн хөдөлгөж чаддаг болтол багагүй хугацаа хэрэгтэй ажээ.
Кубица өнгөрсөн жилийн “Формула нэг”-ийн ДАШТ-д “Renault”-г төлөөлөн уралдаж, наймдугаар байрт шалгарсан бөгөөд энэ улиралд ч тус багийн өмнөөс уралдахаар гэрээ байгуулсан боловч ийнхүү гэмтсэнээр түүний амжилт, цаашлаад “Формула нэг”-т уралдах эсэх нь эргэлзээтэй болж байна.
Сануулахад, “Формула нэг”-ийн 2011 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 13-нд Бахрайны гран-при уралдаанаар эхэлнэ.