
Испанийн хөлбөмбөгийн шилдэг төлөөллүүдийн нэг “Барселона” клуб бямба гаригийн үдэш “Атлетико Мадрид”-ыг буулган авснаар Ла лигт дараалсан 16 дахь ялалтаа авч, Испанийн Примера лигийн түүхэнд шинэ амжилтын эзэд боллоо. Өмнөх дээд амжилтыг тэдний мөнхийн өрсөлдөгчид болох “Реал Мадрид” клуб эзэмшиж байсан бөгөөд Аргентин гаралтай Альфредо ди Стефаногоор удирдуулсан “Реал”-ынхан 1960/61 оны улиралд дараалан 15 хожил авч байсан аж.
Бямба гаригт болсон “Барса”, “Атлетико” нарын тоглолт 3:0 харьцаатай өндөрлөсөн бөгөөд тоглолтын бүх гоолыг Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси оруулжээ. Ингэснээр тэрбээр улирлын 40 дэх гоолоо оруулснаас гадна Ла лигийн мэргэн буучдын жагсаалтын тэргүүн байрыг “Реал”-ын Криштиан Рональдугаас булаан авч, 24 гоолтой жагсаалтыг тэргүүлж байна. Мессигийн хувьд 2011 он гарсаар ийнхүү анхны хет-трикээ хийсэн бөгөөд өнгөрсөн жил мөн зургаан удаа хет-трикийн эзэн болсон юм.
“Барса”-гийн тухайд 22 тойргийн дараах байдлаар 70 гоол оруулаад байгаа бөгөөд энэ амжилт нь Европын улс орнуудын хөлбөмбөгийн лигүүд дотроос хамгийн өндөрт тооцогдож байна. Тэд мөн энэ хугацаанд ердөө 11-хэн гоол хаалгандаа алдсан юм.
Ла лигийн 22-р тойргийн дүн:
“Атлетико Билбао” 3:0 “Спортинг Гихон”
“Осасуна” 1:1 “Мальорка”
“Зарагоза” 1:1 “Расинг Сантандер”
“Гетафе” 4:1 “Депортиво ла Корунья”
“Алмерия” 3:2 “Эспаньол”
“Вильярреал” 0:1 “Леванте”
“Барселона” 3:0 “Атлетико Мадрид”
“Севилья” 0:0 “Малага”
“Реал Мадрид” 4:1 “Сосьедад”
“Валенсия” 2:0 “Херкулес”