
Өмнө нь төр, засгийн удирдлагууд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд очиж бурхан шүтээнд мөргөдөг байсан бол энэ жил Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц, Дашчойлин хийдийн хамба Ч.Дамбажав нар Төрийн ордонд морилон ирж төрийн гурван өндөрлөгтэй золгон, хотол олныхоо сайн сайхны төлөө ном хурсан. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд хамгийн өндөр настай буурлуудын гэрт очиж золгодог байсан уламжлал энэ жил өөрчлөгдлөө.
Сар шинийн нэгний энэ өглөө ахмадуудаа төлөөлж Төрийн ордоны ёслол, хүндэтгэлийн танхимд хүрэлцэн ирсэн АИХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга асан Ц.Готов, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Хөдөлмөрийн баатар, III эмнэлгийн мэдрэлийн тасгийн зөвлөх, доктор, профессор Ж.Хайрулла, Аж үйлдвэрийн салбарын зөөлөн эдлэлийн анхны Хөдөлмөрийн баатар оёдолчин Л.Дашням, Ардын жүжигчин, профессор Д.Жаргалсайхан, Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Б.Бааст, БХЯ-ны Ахмадын хорооны дарга, хошууч генерал С.Гомбосүрэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ГХЯ-ны нэгдүгээр орлогч сайд асан Д.Ёндон нартай төрийн гурван өндөрлөг золгож, гарын бэлгээ гардуулан дурсгалын зураг авахуулсан.
Сар шинийн энэ өдөр төрийн тэргүүнтэй золгосон ахмадууд “Сайхан өдөр болж байна. Үүнийг гарч байгаа Туулай жилд ард түмэн, улс орны маань ажил, амьдрал ч өөдрөг сайхан байхын шинж гэж бэлэгшээж байна. Энэ билэгт сайн өдөр ахмадуудынхаа төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн төр засгийн өндөрлөгүүддээ баярлаж байна” гэж байлаа. Мөн Ерөнхий сайд С.Батболд Монгол түмэн төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүллээ.