
болгон зарласантай холбогдуулан Нью-Йорк хотноо НҮБ-ын Ойн IX тусгай
чуулган хуралдаж байна.
Тус чуулганд манай орноос БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан тэргүүтэй
төлөөлөгчид оролцож, Ч.Жаргалсайхан сайд Монголын Засгийн газраас ойн
талаар баримталж байгаа бодлого, байр суурийн талаар салбар хуралдаанд
үг хэлжээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Нэг хүнд ногдох ойн талбай дэлхийн дунджаар 0,6
га байхад манай орны хувьд үүнээс 10 дахин их, 7 га орчим байгаа нь
европын дунджаас 20 дахин их байна. Хэдийгээр талбай, чанараараа дэлхийн
ихэнх улсын дунджаас дээгүүр ч өнөөдөр манай орны ойн салбар улсын
нийгэм, эдийн засагт маш бага үүрэг гүйцэтгэж байна” хэмээгээд энэ
байдалтай уялдсан төрийн бодлогыг дэлгэрэнгүй танилцууллаа.
Монгол орны ой нь төв Азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд ургадаг учир
байгалийн жамаар нөхөн сэргэх чадавхиар нэн хязгаарлагдмал, түймэр,
хөнөөлт шавьж болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд өртөмтгий. Ойн
сангийн 92% нь хамгаалалтын, зөвхөн 8 % нь ашиглалтын ой байгаа юм.
Иймд манай оронд ойгоо хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх
асуудал төрөөс ойн талаар хэрэгжүүлэх бодлогын гол цөм болдог.
2010 оныг манай улс “Ойн менежментийг боловсронгуй болгох жил” болгон
зарлаж, тодорхой зорилтууд тавин ажилласны үр дүнд ойн хөнөөлт шавж,
өвчинтэй тэмцэх ажлын хэмжээг 4 дахин нэмэгдүүлж, голомтот талбайн 80
хувийг хамруулж чадсан, ойн түймрийн тоог өмнөх жилтэй харьцуулахад 13,3
хувиар, хууль бус мод бэлтгэлийн хэмжээг 62,3 хувиар тус тус
бууруулсан.
Нөгөө талаар НҮБ-аас 2011 оныг “Олон улсын ойн жил” болгон зарлаж
байгааг талархан хүлээн авахын хамт үүнтэй холбогдуулан Монгол Улсын
Засгийн газраас НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон Монгол Улсад
хэрэгжиж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран ойн
менежментийн асуудлаар үр нөлөө бүхий олон чухал арга хэмжээг эхлүүлэх,
хэрэгжүүлэх таатай боломж бий боллоо.
Монголд уур амьсгалын өөрчлөлт хурдтай явагдаж, цөлжилт өдөр ирэх тусам
хүрээгээ тэлж, ган гачиг нүүрлэн гадаргын ус маш ихээр хомсдож байгаа
тул төрөөс ойгоо хамгаалах, нөхөн сэргээх бодлогыг гол болгож байгаа.
Энэ бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “Green Wall”, БНСУ-ын
Засгийн газраас “Green Belt” төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ.
Одоо манай оронд ойн шинэ бодлого боловсруулахаар Байгаль орчин, аялал
жуулчлалын яам хариуцан эхний үе шатны ажлыг хийж эхлээд байна. Ойн
бодлогын баримт бичиг боловсруулах явцдаа НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас
2007 онд A/Res/62/98 дугаар тогтоолоор баталсан Ойн асуудлаарх баримт
бичиг (Non-legally binding instrument)-ийн үзэл санааг иш үндэс болгох
юм. Хамгийн гол нь ойн салбарыг үндэсний хөгжлийн стратегид нийцүүлэн
шинэчлэх, улмаар ойг уур амьсгалын өөрчлөлтийн асуудалтай уялдуулан шинэ
бодлогодоо тусгах шаардлагатай байгаа юм.
Дэд сайд Ч.Жаргалсайхан Монгол Улсын Засгийн газраас байгаль орчин, ойн
салбарын тогтвортой хөгжлийг хангах талаар баримталж буй эдгээр бодлого,
үйл ажиллагааг танилцуулаад, “Бид 2012 онд Бразилд болох Рио+20 дээд
хэмжээний уулзалт, ногоон эдийн засгийн хөгжлийн асуудал зэрэгт онцгой
анхаарал хандуулан бодлого, стратегиа төлөвлөн хэрэгжүүлж ажиллах болно”
гэж НҮБ-ын чуулганд хэлсэн үгийнхээ төгсгөлд онцолсон байна.
Б.Алт