Дүүргийн төсвөөс эхлээд олон тулгамдсан асуудал цалгардаж байсан учраас хуульд заасны дагуу ямар нэгэн үндэслэлгүйгээр алга болсон С.Баяртыг хүлээсэн тус дүүргийн ИТХ-ын 35 төлөөлөгчөөс 20 нь хуульд заасны дагуу энэ сарын 11-нд өөрсдийн дундаас хурал даргалагчаа сонгон, хурлаа үргэлжлүүлжээ. Төсөв болон бусад асуудлаа хэлэлцсэн төлөөлөгчид хангалтгүй ажиллаж байна гэж үзэн С.Баяртыг огцруулах санал хураасан байна. Хуралдаанд оролцсон 20 төлөөлөгчөөс 18 нь түүнийг огцруулах саналыг дэмжжээ. Энэ нь нийт төлөөлөгчдийн олонх болсон учраас С.Баяртыг огцруулан, дахин санал хураахад төлөөлөгчдийн 18 нь Д.Бат-Очирыг СХД-ийн ИТХ-ын даргаар сонгосон аж.
Тиймээс огцорсон даргадаа ажил, тамгаа хүлээлгэж өгөхийг шаардсан албан бичиг явуулсан ч өнөөг хүртэл ажлаа өгөөгүй байна. Багагүй хугацаанд ажлаа өгөхийг хуучин даргаасаа шаардсан төлөөлөгчид ор сураггүй алга болсон даргынхаа өрөөг цагдаагийнхан болон бусад албан тушаалтнуудыг байлцуулан онгойлгожээ. Гэтэл хурлын даргын тамга байхгүй байсан аж. Тиймээс хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид цагдаад мэдэгдэн огцорсон даргаа эрэн сурвалжлуулж байна.
Л.ХАЛИУ