
Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам лам хуврагууд, сүсэгтэн олонд анх удаа ийнхүү Нагаржунайн төв үзлийг тайлбарлах энэ ховор тохиолдох үйл явдалтай монголчуудтай хамаатай бас нэгэн үйл явц давхацсан юм. Брайвун хийдийн цогчин дуганад Ламын гэгээний 8 дугаар дүр Данзанжамбал Чойжи шинэнтэний сэнтийд залах хурал болон Далай багшид ламын гэгээнтэн мандал дэнсүм өргөх ёслол энэ үеэр боллоо. Ламын гэгээнтний сэнтийд залах хуралд оролцохоор 100 гаруй монголчууд ирсэн байсан. Эдгээр сүсэгтнүүд яг энэ үеэр Далай багшийн айлчлал давхцаж байгаад ихэд бэлэгшээж байлаа. Далай багшийн энэ удаагийн айлчлалын үеэр Гоман дацангийн түүхэнд өмнө байгаагүй хурал номыг Монголчууд хурууллаа гэж эндхийн лам хуврагууд ярьж байна. Дээрхийн гэгээнтэн энэхүү айлчлалынхаа үеэр их сургуулиудын лам хуврагуудаас шалгалт авч байна. Битүүний өдөр Гоман дацангийн шавь нар Дээрхийн гэгээнтэн Далай багшийн өмнө ном хаялцаж, шалгалтаа өгсөн бол шинийн 1-нд Лосолон дацангийн шавь нар нь шалгууллаа. Төвдөд сурч байгаа ихэнх Монголчуудын сурч байгаа Гоман дацанд Далай багш морилоход мөн ламын гэгээн, Гоман дацангийн хамба, бусад хутагт хувилгаадын хамтаар Далай багшийг заллаа. Энд мөн ламын гэгээнтэн Дээрхийн гэгээнтэнд Гүсүм түгдэн өргөлөө. Энэхүү шашны ёслол нь Лагшин буюу бие, зарлиг, таалал гурвыг билэгдэн үзүүлдэг хүндэтгэлийн дээд хэлбэр юм байна.
Өргөөний нээлт боллоо
Өмнөд Энэтхэгийн Брайвун хийдэд Монголын 5 хутагт хувилгаан сууж байна. Тэдний 3 нь Цагаан сарын шинийн нэгний өдөр лаврингийнхаа нээлтийг хийлээ. Ламын гэгээний 8 дугаар дүрийн хувилгаан болох Гүшри хутагт нарын орд өргөө нутгийн иргэд сүсэгтэн олны хандиваар босч, энэ өргөөтэй айлсан Жалханз хутагтын 9 дүгээр дүрийн хувилгааны лаврин мөн нээгдлээ. Манай хувилгаадын ордон өргөөний нээлтэд Өмнөд Энэтхэгт айлчилж байгаа Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам морилон ирсэн нь сүсэгтэн олныг ихэд баярлууллаа. Ламын гэгээн, Гүшир хутагт нарын ордон өргөөний нээлтэд Монголоос 100 орчим сүсэгтэн ирсэн бөгөөд халх, буриад, өвөр монгол гээд Монгол туургатан сүсэгтнүүдэд энэ үеэр дээрхийн гэгээнтэн сургаал айлдлаа.
“Тамгатай хутагтуудаараа алдартай Завхан нутгийн сүсэгтнүүд Жалханз хутагтын 9 дүгээр дүрийн хувилгааныхаа ордон өргөөг нээхэд Далай лам энд морилон ирсэн. Энэ өргөөг Завхан нутгийн сүсэгтэн олны дэмжлэгээр 2 жилд багтаан барьж босгосон байна. Монгол улсын Ерөнхий сайд асан, Жалханз хутагтийн 9 дүгээр дүр 2005 онд 1400 орчим хүүхдийн дундаас тодорч, түүнээс хойш Жалханз хутагт Данзэн Чойжи Ванчуг Брайвун хийдийн Гоман дацанд суралцаж байна. Жалханз хутагтийнхаа өргөө лавринг нутгийн олны хандив тусламж дэмжлэгээр ийнхүү босгосон” гэдгийг онцолж байна. Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам өмнөд Энэтхэгт айлчилж байгаатай холбоотойгоор Энэтхэгийн Карнатака мужид байдаг Брайвун, Гандан хийдүүд хөл хөдөлгөөн ихтэй байна. Далай багшийнхаа айлтгал, сургаал номыг зорьсон 10 мянган хувраг, үүний зэрэгцээ дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган сүсэгтнүүд зорин ирсэн байлаа.
Энэтхэг дэх Монгол Лам нар
Буддын гүн ухааны сургаал номлолоо өнөөгийн бидэнд үлдээн ирсэн Монголын үе үеийн эрдэмтэн мэргэд суралцан төгсч, шашин номын эрдэмд суралцаж байсан Брайвун хийдийн Гоман дацанд өнөөгийн байдлаар 130 гаруй лам хуврагууд суралцаж байна. Гоман дацанд сурч байгаа лам хуврагууд дээр Мөн Өмнөд Энэтхэгийн Сэра хийдэд сууж байгаа монгол лам хуврагууд нэмэгдэн ирсэн байлаа. Нийтдээ 200 орчим Монгол лам хуврагууд нийлэн Монголоос очсон сүсэгтнүүд, тэднээр дамжуулан нийт Монголчууудынхаа төлөө ном хурсан юм. Брайвун хийдийн Гоман дацанд Төвд, Энэтхэг, Монгол, Буриад, Халимаг, Тува, Орос, Хятад, Солонгос, Индонези зэрэг орноос ирсэн 1800 гаруй хуврагууд 16 аймаг, 22 мицанд хамаардаг бөгөөд манай лам нар нэр алдар нь эртнээс алдаршсан Монгол мицандаа нэгдэн байна. Монгол мицан нийт Мицангуудынхаа дунд 2 дугаар байранд орохуйц өргөжиж байгаа хэмээн хийдийн удирдлагууд онцолж байлаа.