
-Дулааны станцыг засварлах ажил дуусч байна уу?
-Одоогоор Улсын онцгой комиссоос инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн баг манай аймагт томилогдон ирж Дулааны станцын хоёр зуухны ган ул ширмийг солих, угсрах ажлыг гүйцэтгэж байна. Нэг зуухыг засварлахад дор хаяад гурав хоног шаардлагатай. Тэгэхээр засварын ажил энэ сарын 8-ны үеэр дуусах байх.
– Аж ахуйн нэгж байгууллагууд хөлдөж эхэлсэн гэж сонссон. Байдал ямар байна вэ?
-Эмнэлэг сургууль зэрэг байгууллагад хариуцлагатай жижүүр гаргаж дулааны шугам хоолойд гал тавих зэргээр хөлдөөчихгүй гэж хичээж байна. Мэдээж Дулааны станцаас дулаанаар хангагдаж байсан аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүдэд байдал хүндэвтэр байгаа. Удахгүй засварын ажил дуусна байх.
-Гол нь эмнэлэг дээр яаралтай мэс ажилбар хийх эсвэл хүн төрөх үед яах вэ?
-Харин эмнэлгийг хөлдөөхгүйн тулд жижүүрлэж ажиллаж байна гэж хэлсэн шүү дээ дээр. Одоогоор яаралтай түргэн тусламжийг өөр байр руу нүүлгэн шилжүүлэх гэх мэтээр дотоод нөөц боломжоо дайчилж ажиллаж байна.
-Дулааны станцад эвдрэл яагаад гарах болов. Засвар хийхэд шаардагдах тоног төхөөрөмж нь хангалттай бий юу?
-Хөрөнгө мөнгөний гачаалаас болж олон жил урсгал засвар хангалттай хийгээгүй, станцын ган ул ширмийг барилгын арматураар орлуулсан нь эвдрэл гарахад нөлөөлсөн гэж хэлж болно. Тиймээс өнгөрөгч нэгдүгээр сараас станцын үйл ажиллагаа доголдож эхэлсэн учраас аймгийн Засаг дарга Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод албан бичиг илгээж станцыг засахад шаардагдах сэлбэг хэрэгслээр хангаж өгөхийг хүссэн юм билээ. Ингээд Засгнйн газрын хуралдаанаар хэлэлцэж газар дээр нь ажлын хэсэг томилон ажлуулах, эвдрэлийг засахад шаардагдах тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн. Одоогоор тоног төхөөрөмж хангалттай бий гэсэн.
-Дээрх Дулааны станцыг энэ сарын 8-ны дотор бүрэн завсарлаж дуусах болов уу?
– Улсын онцгой комиссоос мэргэжлийн баг ирж засвар хийж байгаа болохоор энэ сарын 8-ны дотор зуухнуудын ул ширмийг сольж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байна.