Зүг чиг ологчид өвлийн наадмыг “өнгөлөв”

Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

Зүг чиг ологчид өвлийн наадмыг “өнгөлөв”

Казахстан улсад үргэлжилж буй Азийн өвлийн спортын VII их наадмаас Монголын баг тамирчид дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар энэ удаагийн Азийн наадамд оролцсон 26 орноос наймдугаар байрт бичигдээд байна. Харин Азийн өвлийн наадамд Монгол Улсынхаа алтан соёмбот төрийн далбааг мандуулсан тамирчид маань бүгд цанын спортынхон, тэр тусмаа энэ жилийн Азийн өвлийн спортын наадмын хөтөлбөрт шинээр багтсан Ski orienteering буюу цанын зүг чиг олох төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон тамирчид байлаа.

Азийн өвлийн спортын VII их наадамд Шар тивийн 26 орны 843 тамирчин спортын 11 төрөлд 70 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Харин манай улсаас 50 гаруй тамирчид оролцсоноос зүг чиг ологчид өндөр амжилттай оролцлоо. Эрэгтэйчүүдийн спринт болон холын зайн төрөлд Б.Гэрэлт-Од хүрэл медаль хүртэж, Азийн өвлийн наадмаас хос медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон бол өнөөдөр болсон эрэгтэй, эмэгтэйчүүдийн буухиа уралдаанд манай тамирчид хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн буухиа төрөлд Казахстан (56:15), Ираны баг (1:02:35) тамирчид алт, мөнгөн медаль хүртсэн бол Б.Гэрэлт-Од, Б.Бямбадорж, Э.Бархүү нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг 1:27:13 цагийн амжилтаар хүрэл медаль хүртжээ. Харин эмэгтэйчүүд 1:33:03 гэсэн амжилт үзүүлснээр хүрэл медалийн тавцанд гарсан байна. Монголын багийн бүрэлдэхүүнд Н.Ууганцэцэг, А.Наранцэцэг, Ч.Отгонцэцэг нар багтжээ.

Азийн өвлийн спортын VII наадам маргааш өндөрлөнө. Одпоогийн байдлаар нийт есөн орны тамирчид медаль хүртээд байгаа ба зохион байгуулагч орон Казахстаны баг 28 алт, 19 мөнгө, 15 хүрэл, нийт 62 медаль хүртсэн амжилтаар медалийн тоогоор ч, чансаагаар ч илт давуу тэргүүлж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж