Б.Гэрэлт-Од Азийн наадмын хос медальтан боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

Б.Гэрэлт-Од Азийн наадмын хос медальтан боллоо

Казахстан улсын Астана болон Алма-Аты хотуудад үргэлжилж буй Азийн өвлийн спортын VII их наадамд өрсөлдөж буй Монголын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гэрэлт-Од тус наадмаас хоёр дахь медалиа хүртлээ. Наадмын эхний өдөр Ski orienteering буюу цанын зүг чиг олох тэмцээний эрэгтэйчүүдийн спринт уралдаанд 11 тамирчнаас гуравдугаар байрт шалгарч, 20.16,1 цагийн амжилт үзүүлснээр хүрэл медалийн эзэн болсон тэрбээр уржигдар болсон холын зайн уралдаанд хурд хүчээ сорьж, мөн хүрэл медаль хүртсэн байна. Тус төрөлд зургаан орны 11 тамирчин гараанаас гарч уралдсанаас Казахстаны Михаил Сорокин (45:15), Алексей Немцев (53:01) нар алт, мөнгөн медалийн эзэд болсон бол Б.Гэрэлт-Од тэргүүлэгчээс 15 минутаар хоцорч, 1:00:15 цагийн амжилт үзүүлснээр хүрэл медаль зүүжээ. Тэрбээр ийнхүү Азийн өвлийн наадмаас хос медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо. Мөн тус зайд өрсөлдсөн Б.Бямбадорж 1:25:34 цагийн амжилтаар наймдугаар байрт шалгарсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж