Парисын “Их дуулга” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

Парисын “Их дуулга” эхэллээ

Францын нийслэл Парис хотноо 2011 оны анхны “Их дуулга”-ын тэмцээн эхэллээ. “Лондон-2012” зуны олимпийн наадмын эрхийн оноо олгох Парисын “Их дуулга”-д 80 орны 516 жүдоч зодоглож байна. Харин Монголоос эрэгтэй ес, эмэгтэй таван жүдоч Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Насантогтох, дасгалжуулагч Х.Болдбаатар нарын удирдлага дор өрсөлдөж байна.

Нийт 154 мянган ам.долларын шагналын сантай Парисын “Их дуулга” өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх бөгөөд хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодрох юм. Харин маргааш үлдсэн жингийн барилдаанууд болно.

Хэсгийн барилдаанууд Монголын цагаар 17.00 цагаас эхэлсэн бөгөөд 66 кг-д Х.Цагаанбаатар эхний тойргийн барилдааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Италийн Франческо Фаралдог цэвэр, эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Бундмаа мөн л эхний тойргийн барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Росалба Форчинитиг цэврээр ялсан бол эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Японы Тору Шишимэд цэвэр, 48 кг-д М.Уранцэцэг эхний тойргийн барилдаанд Израйлийн Рони Шварцад мөн цэвэр ялагдсан байна. Харин С.Мияарагчаа /66 кг/, С.Ням-Очир 73 кг/, Т.Баттөгс /57 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/ нар хараахан барилдаагүй байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж