
“Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд сар шинийн баяраар “Монгол поп” цомогтоо багтсан "Миний хоёр эрдэнэ" хэмээх аав, ээжийн тухай сайхан дууны клипээ сонсогч фенүүддээ өргөн барилаа. Дууны аяыг дуучин Д.Болд өөрөө зохиосон бөгөөд шүлгийг Д.Ган-Очир бичжээ. Дашрамд сонирхуулахад энэхүү клипэнд олны танил эрхмүүд болох урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхжин, төрийн соёрхолт зураач Ц.Энхжин, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, зууны манлай поп дуучин Б.Сарантуяа, “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар нар ээжийнхээ хамт, дуучин Т.Бат-Оргил төрийн соёрхолт, ардын жүжигчин ээж Н.Сувдтайгаа тоглосон бол гавьяат тамирчин Бадар-Ууган аав ээжийнхээ хамт, “Hero” энтертайнментын Б.Баатар аавынхаа хамт, “Хар сарнай” хамтлагийн Амараа төрийн соёрхолт , урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч аав С.Сүхбаатарын хамт, Улсын гарьд Б.Гантогтох дархан аварга аав Х.Баянмөнхийн хамт, “Болор цом” наадмын хошой тэргүүн шагналт яруу найрагч Ц.Хулан төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч аав Д.Цоодолын хамт, Морин хуурын чуулгын хөгжимчин Ж.Уугантуяа төрийн хошой шагналт, ардыг жүжигчин, хөгжмийн зохиолч аав Н.Жанцанноровын хамт, “Никитон” хамтлагийн дуучин Ц.Батчулуун, залуу найруулагч Б.Чингүүн соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч аав Л.Балхжав, “UBS” телевизийн радактор Г.Оюутсэцэн урлагийн гавьяат зүтгэлтэн яруу найрагч аав Ш.Гүрбазарын хамт тус тус тогложээ. Дуучин Болд удтал хүлээлгэсэн Монгол поп цомгийнхоо нээлтийг сар шинийн дараа хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Ингээд түүний
“Миний хоёр эрдэнэ” дууг клиптэй нь хүргэж байна.
Г.Даша