“Ирээдүйн аварга” шагнал гардууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

“Ирээдүйн аварга” шагнал гардууллаа

Илжгэн хэмээх төмөр туулай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны үеэр уламжлал ёсоор амжилттай сайн барилдсан бөхчүүдэд шагнал гардуулах ёслол болов.

“Улаанбаатар хивс” компани жил бүрийн сар шинийн барилдаанд амжилттай сайн барилдсан бөхөд олгодог “Цахиур хагалах бөх”-ийн шагналын эзнээр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Нар Мон” компанийн бөх, аймгийн арслан Ж.Чулуунбатыг тодрууллаа.

Энэ үеэр мөн Даян аварга А.Сүхбат сар шинийн барилдаанд амжилттай барилдсан бөхчүүдэд олгодог “Ирээдүйн аварга” шагналаа Увс аймгийн Ховд сумын харьяат, аймгийн начин Н.Батсуурьт олгож, шагналыг гардууллаа. Даян аваргын санаачилсан шагналыг өмнө нь улсын харцага Ө.Даваабаатар, улсын начин Ц.Содномдорж, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба нар гардаж байсан юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Гүндалай өөрийн санаачилсан "Улсын цолонд ойрхон бөх"-ийн шагналаа Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатарт олголоо.

Б.Энх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж