Сумочид даваа наймаалцдаг байсан нь илчлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Сумочид даваа наймаалцдаг байсан нь илчлэгдлээ

Сүүлийн үед элдэв асуудлаас салахаа байсан японы мэргэжлийн сумотой холбоотой шуугиан дахин дэгдлээ. Цагдаагийн ажилтнууд жюрёо зиндаанд барилдаж байсан хоёр бөхийн гар утаснаас даваа наймаалцаж байсныг илчилсэн хэдэн арван мэйл илрүүлсэн тухай мэдэгдлээ. Бейсболын тэмцээнд их хэмжээний мөнгөөр бооцоо тавьж байсан асуудлын хүрээнд цагдаагийн газраас бөхчүүдийн гар утсыг хураан авч шалгалт хийж байсан юм. Мэйлд "ингэж түлхэнэ", "чи тэгж унаарай", "шидэх мэх хийнэ" гэх мэт өгүүлбэрүүдээс гадна 20, 30 гэх мэт тоонууд, банкны дансны дугаарууд байсан байна. Энэ асуудалтай холбогдуулан сумогийн холбооны ояката нарын зөвлөл дөнгөж сая яаралтай хуралдаан зарлалаа. Нэр дурдагдаж буй бөхчүүд макүночи зиндаанд хүртэл дэвшиж байсан бөгөөд нэг нь аль хэдийн зодог тайлж дэвжээний эзэн болсон байгаа юм.

Энэ асуудалтай холбоотойгоор нэг удаагийн башёд бүх барилдаанаа мөнгөөр давсан гэгдэж байсан Асашёрюүгийн "хэрэг" дахин сөхөгдөж ч магадгүй байна. Бөхчүүд даваа наймаалцдаг тухай яриа олон жилийн өмнөөс гарч байсан боловч нотлох баримт олддоггүйгээс үнэн эсэхийг илрүүлэх боломж гарч байгаагүй юм. Харин энэ удаагийнх яахын аргагүй нотлогоо учир магадгүй олон бөхийн хувь заяаг шийдсэн том асуудал босч байгаа тухай японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж