Египетэд сая хүний жагсаал болов

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Египетэд сая хүний жагсаал болов

Египед улсад сая гаруй хүний эсэргүүцлийн цуглаан болж, 30 гаруй жил төрийн эрхэнд байгаа ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцрохыг тулган шаарджээ.

“Египтээс зайл”, “зайлаач” гэсэн уриа хашгирсан сая хүний жагсаал Каир, Александри зэрэг том хотуудад болж байгаа ажээ. Каир хотод 500000 хүн, Александрид 400000, бусад хот суурин газарт 110000 хүн эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцсон гэсэн мэдээг дэлхийн хэвлэл мэдээллийн албад мэдээлж байгаа аж. Эсэргүүцлийн жагсаал цуглаан үргэлжилж буй 9 хоногийн хугацаанд 300 гаруй хүн амь насаа алдаад байгаа юм байна.

Ерөнхийлөгч Хосни Мубарак олон нийтэд хандан үг хэлж “Энэ орны төлөө амь насаа зориулж, энэ орныг хамгаалж ирсэн, энэ нутагт үхэхийг хүсч байна. Түүх намайг шүүх болно” хэмээн хэлээд огцрох хүсэлгүй байгаагаа ойлгуулсан ажээ.

Эсэргүүцлийн жагсаал цуглаан хурцаар өрнөж буй Александри хотод Мубаракийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн гарч, буун дуу гарч эхэлснийг мэдээлж эхлэв. Зарим хүмүүс хятадын Тяньминий талбайд болсон үйл явдал дахин давтагдах бий хэмээн сэтгэл түгшиж буйгаа илэрхийлж байгаа аж.

82 настай Хосни Мубарак  ирэх 9 дүгээр сард болох бүх нийтийн сонгуулиар албан тушаалаа хүлээлгэн өгнө гэдгээ хэлжээ.

Хосни Мубарак ерөнхийлөгчийн албан тушаалаас буух тохиолдолд өөрийн бага хүү Гамалийг залгамжлагчаар тодруулахаар төлөвлөж ирснийг хэвлэл мэдээллийнхэн дэлгэн гаргаж ирсэн байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж