Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Мэндчилгээ

Монгол Улсын Нийслэлийн иргэд сонгогчид оо

Монгол Улсын зүрх болсон Нийслэлийн иргэд та бүхэндээ   17-р жарны төмөр туулай жилийн сар шинийн мэндчилгээг дэвшүүлье.

Өнгөрсөн бар жилд улс орон ард иргэдийн амьдралд багагүй өөрчлөлт гарсан жил боллоо.

1990 оны ардчилсан хувьсгалын хорин жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж монголын нэн шинэ үеийн түүх зохих байр сууриа эзэллээ.

Манай улсын ууган улс төрийн хүчин анхны уугуул нэрээ сэргээж, Монгол улсын 20-р зууны түүх үнэн мөнөөр  сэргээгдэж, Монгол улсын Ерөнхийлөгчөөс зарлиг гарган,түүхэн ой тэмдэглэлт өдрүүдийг ёслон өнгөрүүлэх ач холбогдолыг нь үнэлж, үнэн бодитоор гаргах боломж нээгдэж байна.

Туулай жилд тэмдэглэх түүхэн үйл явдлуудад  Хүннү гүрний 2220 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ой, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын 100 жилийн ойнууд зэрэг голлох баярууд орж байгаа юм.

Түүн дундаас нийслэлчүүд бидний анхаарлын төвд байх нэг чухал түүхэн ой бол Нийслэл хүрээг Хятадын цэргийн эзэрхийллээс чөлөөлж, Богд хааныг ширээнд нь дахин залсан үйл явдал юм. 1911 онд зарласан Үндэсний тусгаар тогтнолыг 1915 онд 3-н улсын гэрээгээр автономит улс болгон өөрчилж, 1919 онд Хятадын цэргийн эрхтнүүд Богд хааныг Хятадын ерөнхийлөгчийн хөрөгт мөргүүлж, Монголын тусгаар тогтнолыг цэргийн хүчээр устган Хятадын нэгэн муж болгон хувиргасан юм.

Улс орныхоо үндэсний тусгаар тогтнолыг дахин сэргээж, Монгол улс, монгол үндэстэн орших эс оршихыг шийдсэн түүхэн эгзэгтэй тэр цаг үед монголын эх орончид Барон Унгэрн фон Штернбэргийн дэмжлэгтэйгээр хятадын гамин цэргийг бут цохин үлдэн хөөж 1921 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Нийслэл хүрээг чөлөөлжээ.  Монголын түүх, тусгаар тогтнол, үндэсний сэргэн мандалтанд эгнэшгүй хувь нэмэр болсон тэр үйл явдлын 90 жилийн ой энэ сар шинийн баяраар тохиож байгаагаараа онцлогтой юм.

1911 оны үндэсний тусгаар тогтнолын хувьсгал, 1921 оны дээрх үйл явдал болон  түүний үргэлжлэл, түүнчлэн 1990 оны ардчилсан хувьсгал зэрэг дараалсан хувьсгалуудын үр дүнд Монгол улс бүрэн эрхт тусгаар тогтносон улс болсон билээ. Учир иймд Монголын үе үеийн эх орончдын гэгээн дурсгалыг мөнхжүүлж түүн дотроос монголын тусгаар тогтнолд үнэтэй гавъяа байгуулсан Унгерн фон Штернбергийн гавъяа зүтгэлийг үнэн мөнөөр тогтоон алдаршуулах нь Монголчууд бидний хүн чанарын хэрэг мөн гэж бид үзэж байна.

Чингээд ирж буй 17 дугаар жарны төмөр туулай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье
        

НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА  Ш. ТҮВДЭНДОРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж