
-Гарч буй туулай жилийн өнгө, ноён нуруу зурхай дээр хэрхэн бууж байгаа вэ?
-Юуны өмнө уншигчдадаа сар шинийн мэнд хүргэе. Гарч буй төмөр туулай жилийн зурхайчдын зурсан зурлага, цаг тооны бичгээс харж байхад сайхан жил болох шинжтэй байна. Хур бороо цагтаа орж, өвс ногоо сайхан ургасан дэлгэр сайхан байх нигууртай байна. Хүмүүст сэтгэл тайван амгалан, ажил үйлс бүтэмжтэй сайн байх нигууртай. Зурхай дээр харахад бол хөгшчүүлд ээлтэй залууст ширүүн гэсэн зурхай бууж байгаа ч айж сандрах хэрэггүй ээ. Хүн бүр өөрийнхөө заслаа хийлгэн номоо уншуулаад явахад болно оо гэсэн сайхан зурхай гарсан байна.
-Танай хийд дээр цагаан сард зориулаад уншиж байгаа ном айлтгалуудын тухайд?
-Том хийдүүд цагаан сар дөхөхөөр цагаан сарын их хурал хурдаг. Хуучин номын гурав хоног гэж Хангал сахиус тахидаг. Билгийн тооллын 25-наас эхлэн цагаан сард зориулсан хурал ном эхлэн 26-нд адислах, 26-29-нд хуучин номын хурлууд хурж битүүн шинийн нэгэнтэй золгодог. Шинийн 1-нээс хойш 15 хоног өдөр бүр ерөөл хурдаг. Сүсэгтэн олон түмэн энэ хоногуудад багтаж, засал юмаа хийлгэн номоо уншуулбал арвижих буянтай сайн болно гэдэг үгтэй. Энэ дагуу хийвэл сайн байна гэж хэлэх байна аа.
-Монголчууд шинэ гарч байгаа жилийн засал, номоо шинийн 15 дотор багтааж хийлгэе гэдэг шүү дээ.
-Монголчуудын бэлэгдэлд сар хуучирлаа гэж ярьдаг шүү дээ. Оны эх болохоор сар хуучраагүй, цагаан сарын шинийн 15-нд багтааж заслаа хийлгэн, номоо уншуулах нь сайн. Энэ хугацаанд хийсэн буян ном их арвиждаг гэдэг утгаар нь амжаад хийх нь зүйтэй.
-Цагаан сараар хүмүүс зам мөрөө гарган, буян номын үйл хийхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Цаг тооны бичиг, сонин хэвлэл дээр гарсны дагуу өөрийнхөө суудлыг үзээд хаашаа зүглэх нь зүйтэй байна, хаанаас ирэх нь зүйтэй байна тэр дагуу ёсоор нь хийгээд цээрийг нь гаргаад хийвэл болно оо. Энэ бол Монголын ард түмний олон зуун жилийн турш дагаж мөрдөж ирсэн уламжлал Монголын үндэсний соёл шүү дээ. Энэ утгаар нь шашин гэж цэрвэлгүйгээр ард түмний зан заншил, уламжлал гэж хандвал сайхан болно доо. Сар шинээр бүгдээрээ хоорондоо эвтэй найртай, архи уухгүй, ахмад дээдэс, үр хүүхэд, залуучуудаа баясгасан, хүндэтгэсэн сайхан байдлаар сар шинэтэйгээ золговол их сайхан болно гэж хэлэх байна.
-Энэ жил шинийн нэгэн хоёр өдөр тохиож байгаа. Хоёр шинийн нэгэн таарахад зан үйлийг хэрхэн хийдэг вэ?
-Шинийн нэгэнд золгодгоороо золгоод дараагийн шинийн нэгэнд нь амжаагүй хүмүүстэйгээ үргэлжлүүлээд л золгоно. Үүнд илүү юм бодох зүйлгүй үргэлжлүүлээд явахад болно. Цаг тооны бичгээр хоног илүүдэх, дутах, тасрах зүйлс байдаг. Энэ тохиолдолд зурхайчдын зурсан зурлагын дагуу ёслоход болно оо.
-Та шинийн нэгэнд хамгийн түрүүнд хэнтэй золгодог вэ?
-Битүүний шөнө хурал ном айлдаад шинийн нэгний үүрээр хийд дээрээ хамба, лам нартайгаа золголт хийн хурал гадаалдаг. Үүрээр зургаан цагт хийд дээрээ золголт хийн найман цагт Монгол Улсын ерөнхийлөгчид бараалхан золгоно.